ТУН ЦӨӨХӨН ҮГЭЭР Г.АЮУРЗАНЫ ҮНЭНЧ УНШИГЧ ГЭДГЭЭ БАТЛАХАД...

Залуу нас хэдүйд амьд байж, хэдүйд дуусдаг вэ?
Багадаа хүн хамгаас залуу байдаг ч, хүүхдүүд залуу насыг ямагт ирээдүйд бий гэж санадаг. Залуу насандаа хүн залуу насны тухай боддоггүй болохоор түүнийг анзаарч мэдэрдэггүй. Байж л байдаг зүйлдээ хүн хэзээ ч хайртай, хямгатай ханддаггүй шүү дээ. Харин гэнэт үгүй болчиход нь л, сүүдэр нь түүнээс хулжчихсан юм шиг цочирдон үгүйлдэг. Даанч үгүйлээд ч нэмэргүй. Залуу насны хувьд тэр хүн өөрөө нэгэнт үхчихсэн байдаг...             
Г.Аюурзана
Нэг хоолыг нэг л жороор олон өдөр дараалан хийж идэж байгаад хоолныхоо орц, жорыг өөрчлөн,  шал өөр хоол идэх шиг тэр л шинэ  мэдрэмжийг Г.Аюурзанын бүтээлүүд надад өгдөг. Г.Аюурзаны бүтээлүүдээс амьдралын мөн чанар, ухаарал, нээрээ тийм шүү гэх мэдрэмжийг авдаг. Ер нь амьдрал гэдэг чинь ийм л юм байна шдээ гэж бодогдож байсан мэдрэмжүүдээ гагцхүү Г.Аюурзаны бүтээлүүдээс олж хардаг.
Г.Аюурзанын “Гурамсан цадиг” бүтээлд тус тусдаа утга агуулгыг илэрхийлж байсан гурван роман төгсгөлдөө нэг шижмээр нийлж байсан бол энэ удаа тус тусдаа утга бүхий өгүүллэгүүд романыг бий болгож уранзохиолын онолын мэдлэг дутмаг уншигч надад бас нэгэн бэлгээ задаллаа. Угтаа би Г.Аюурзаны бүтээлүүдийг бичигдсэн он цагийн хувьд сүүлд зохиогдсноос нь уншсан байх юм. Үргэлжилсэн үгийн бүтээлүүдийг нь бараг бүгдийг нь уншсныхаа хувьд Г.Аюурзаны бүтээлүүдийн сор нь “Хүүрнэл зохиолын товчоон”-д багтах Дурлалгүй ертөнцийн блюз, Цасны роман, Хэвтрийн хүн, Амь тавьж буй шувууны далавч, за тэгээд “Гурамсан цадиг” бүтээлд багтах бүтээлүүд санагдаад байна шүү. Тун цөөхөн үгээр, илүү дутуу нуршилгүйгээр тунг нь тултал тааруулдаг зохиолч гэж Г.Аюурзаныг нэрлэе.
Уранзохиолоос хүн уярал баяр, гуниг харуусал гээд мэдэрч болох бүхий л зүйлийг мэдэрч болдгоороо гайхамшигтай. Г.Аюурзаны бүтээлүүд нэмээд уншигчид философийн өргөн ухагдахуун, урлагийн сор бүтээлүүдийг шигтгэж байдгаараа жинхэнэ гайхамшигт мэдрэмжийг төрүүлэх юм.

Ийн олныг эс дурдаад Г.Аюурзаны үнэнч уншигч байсаар ирснээ батлаж бүтээлүүдийнх нь талаар товч сэтгэгдлүүдийнхээ линкийг хавсаргав.

2012 он “Шүгдэн хийгээд эргэлзэхийн учир”

2013 он “Бөөгийн домог”

2015 он “Г.Аюурзаны сэтгэлгээний бүтээлүүд үргэлжилсээр...” \Хар, цагаан, улаан романы тухай\

2017 он “Судас ч гэсэн чимээтэй”

2017 он “Замхран үлдсэн саарал түүх” \Гурамсан цадигийн тухай\

Comments