ОРОЙГҮЙ СҮМ

...Тэгтэл өөрийнх нь багадаа шавилан сууж байсан жавдан нүдний буланд харагдлаа. Цочих шиг болж жавдангаа ажиглав. Хэвээрээ байлаа. Дээр нь суугаа бяцхан бор банди нүдээ бүлтэгнүүлэн зогсож байхыг харав. Сэтгэл нь уярч хоолой зангирлаа. Тэр л жавдан дээрээс алс газар сурахаар одож билээ. Одоо түүнийг залгамжлахаар бас л нэг амьтны үр шар баринтаг өмсөөд зогсож байгаа ажээ. Хорвоо гэдэг их урсгал ажээ. Нэг нь нөгөөг залган урсана. Нэг нь нөгөөг халан үргэлжилнэ. Түүний тавцанд сав ертөнц мөнхийн манцуй болон нэгийг үдэж, нөгөөг тосно.
                                                                 Л.Түдэв Оройгүй сүм роман.,280-р тал

Лхасд бурхны ном гаргуу сайн сурч дуусаад сурсан эрдмээ Түвдэдээ гаргах, үгүй бол эх орондоо буцахаар болох болвол амь насанд нь аюул учрах гэсэн хоёрхон сонголт байдгаас болоод шарын шашин хүчтэй дэлгэрч байсан үед Түвдэд эрдэмд суралцсан Монгол лам нар оргож ирж байсны жишээг До.Цэнджавын “Цагаагчин гахай жил” романаас анх уншиж билээ.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм” роман хэдэн өдрийн нойр хугаслав. Цагийн байдал хэцүү байсан он жилүүдэд ард иргэдийн итгэл үнэмшил шарын шашны номлолд хүлэгдэж байжээ.
Ядуу гэр бүлд төрсөн Санжийг эцэг эх нь багаас нь лам болгохоор хийдэд шавилан суулгана. Санж ч эцэг эхийн итгэлийг алдалгүй чармайн суралцснаар бурхны орон гэгдсэн Лхасыг зорино. Шашны орон гэдэг их итгэл өвөрлөн очсон Санжид Түвд орон шашны гэдэг нэр дор хүний мөс чанар дорой, шашны ариун гэдэг далавч дор бузар булай, булхай бүхэн оршиж байгаа нь илт болов. Энэ л хатуу, хүйтэн дор шашны номд суралцаж эцэстээ оргон зугтаж арай гэж эх орондоо ирж, шашны ажлаа үргэлжлүүлж байгаад, шашнаасаа урван тэрсэлсэн хэргээр хийдээс хөөгдөж, эзгүй хээр даяанчлан суух зэм хүртэж, эрэмдэг зэрэмдэг болон хорвоог орхих хувь заяатай нүүр тулгарна.

Лам хүний амьдрал, жаргал зовлон, эрдэмд шамдан суралцаж, шашиндаа үнэнч байхын тулд олон зүйлээс татгалзаж байгааг дүрслэн харуулсан ч энэхүү роман тэр чигтээ хүн төрөлхтний амьдралын мөн чанарын тухай өгүүлжээ. Уншаад дуусах тэр мөчид бид юуны тулд яах гэж хүн хүнээ муу хэлж, өшөөт сэтгэл агуулж, өрийг нь өвтгөж байдаг юм бэ? гэж асуумаар санагдлаа.

Санж ламтан бол бурхны оронд шавилан сууж, сайхан гэж бодож мөрөөдөж байсан бүхэн нь худлаа, бурхны шашнаар далимдуулан олон олон лам нар сүсэгтэн олны сэтгэл санаагаар тоглож байдаг, шавар байшинд шавилан сууж энэ насандаа эдлэх ёстой жаргалаасаа эдлэж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн зэргээр шашны номлолтой тэрсэлдсэн тэр үеийн сэхээтэн дүр ажээ. Энэ мэтчилэнгээр өгүүлвээс дэндүү олныг дурдаж болох боловч эрхэм уншигч таныг илүү ихээр тунгаан бодох, өөрийн оюун ухаанаар энэхүү романыг шимтэн уншихыг зөвлөе.

Comments