Sunday, May 26, 2013

БӨӨГИЙН ДОМОГ

Бүтэлгүй дурлалын гашуун дурсамжаасаа зугтаж л аврагдах юм шиг санагдах үе бий. Цаад хүнээ хэзээ ч зугтаж аврагдах юм шиг санагдах үе бий. Цаад хүнээ хэзээ ч бодогдохооргүй тийм ер бусын газар олж чадвал, тэгээд тэндээ бүгчихвэл, амьдрал хөнгөн болчих юм шиг битүүхэн горьдлого төрдөг. Сэтгэл эмтэлсэн ийм нэгэн дуртгалын хар шуурга Тэнгисийг төрөлх хотоос нь хөөн цөлжээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
\Бөөгийн домог романы 1-р бүлгийн өмхөтгөлөөс\
Зохиолч Г.Аюурзаны “Шүгдэн” романыг уншсаны дараагаас “Бөөгийн домог” романыг заавал унших ёстой гэсэн сэтгэгдэл төрсөн юм. Зохиолч эдгээр романуудад монголчуудын голлох шашин болох будда болон бөөгийн талаар урансайхны аргаар өгүүлсэн. Нөгөөтэйгүүр харь орны захиргаанд буй Монгол угсаатнуудын амьдрал ахуйг тус бүрт нь өөр өөр өгүүлэмжээр тусгаж өгснөөрөө эдгээр романууд томоохон онцлогийг агуулж байна. Тодотгон өгүүлбээс Хятад Улсын харьяанд буй Өвөрмонголын ард түмний амьдралыг Шүгдэн романд, Орос улсын харьяанд буй Буриад хүмүүсийн амьдралыг Бөөгийн домог романд харуулжээ. Мөн Шүгдэн, Бөөгийн домог гэх энэ хоёр роман нь уншигч бидэнд бөө болон буддын шашныг харьцуулан ойлгох, тэдгээрийн мөн чанарыг танин мэдэхэд өндөр ач холбогдолтой санагдсан.
Бөөгийн домог роман нь танин мэдэхүйн өргөн цар хүрээтэй мэдлэг олгохуйц бүтээл болсныг уншигчийн хувиар талархан өгүүлье. Зохиолч өнөөгийн нийгмийн зарим буруу, бурангуйг урансайхны аргаар хурц тодоор харуулсан байгааг тодотгон өгүүлэх зуураа нээрээ тийм шүү гэж зогтусан эргэн унших нөхцлийг бүрдүүлж байсан дараах хэдэн ишлэлийг мэргэн уншигч танд хүргэж байна.

“...Баян хүмүүс баян хэвээрээ байх гэж, өндөрлөгт хүрсэн хүмүүс тэндээсээ буулгүй удах гэж дэмий арга чарга хайсаар сүүлдээ муйхар хар шулам, мухар сохор сүсэг, ер нь юуны боол болоход сэтгэл санаагаараа бэлтгэгдчих юм. Хувь заяа гэдэг хөдөлшгүй, хувиршгүй зүйл огтхон ч биш гэдгийг ухаарч ойлгоё гэж хэн нь ч боддоггүй нь үгүй мөн гайхалтай хэрэг шүү хэмээн бодлогошронгуй өгүүлж билээ.” \Хагдай бөө ийнхүү хэлдэг.161 тал\ Энэ хэдхэн өгүүлбэр оюун санаанд минь оч мэт харвалаа. Хэзээ ч доошоо орж, муу явахыг хүсдэггүй хүний уг чанарыг харуулсан ч угтаа бид олон зүйлийн боол болж амьдарч байгааг сануулсан мэт санагдлаа.

“... Энэ ертөнцийн шалтгаан нь энэ л ертөнцдөө. Зодож өвтгөх нь энд төрсөн биед хамаатай хэрэг тул, биеийг нь зодмоор байгаа хүнээ очоод л зодчих. Энд бөөгийн хүч хэрэггүй. Харин сэтгэл зүрхийг өвтгөх нь ертөнцийн ондоо давхарт болж буй явдал тул тэнд ёстой бөөгийн хэрэг гарч мэдэх юм. Хулгайд юмаа алдсан зүйлийг олж авчрах нь бөөгийн хэрэг бус. Хулгайчийн сэтгэлийг шаналгаж, авсан зүйлээ байсан газарт нь буцааж тавих бодол төрүүлэх нь бөөгийн ажил.” \100 тал\

“Бусдын амьдралыг хэн ч залж тэгшилдэггүй юм. Ямар ч бөөд өрөөлийн хувь заяаг өөрчлөх хүч заяадаггүй. Бөө хүн ямар нэгэн амьдралыг залж хөтөлдөг гэх юм бол тэр нь ердөө өөрийнх нь амьдрал байж таарна. \100 тал\
“...хуурамч бөө, эрдэмгүй лам нар энэ амьдралын хоосон утгыг биш, эд мөнгө, эрх мэдэл мэтийн зуурдын чанарыг амин чухал юм шигээр дам ухуулж, мухар сохор хүмүүст оюун ухаанд тэмтрэгдэхгүй даатгал амлан, түүнийхээ үр шимийг гарт тэмтрэгдэх байдлаар нь хүртэж амь зуудаг юм хэмээж билээ.” \135 тал\ энэ мэтчилэн авахын ухаанаар хандвал Бөөгийн домог роман орчин үеийн оюун сэтгэлгээний томоохон алхам бүхий бүтээл болсныг дахин өгүүлье. Эцэст нь зөвлөхөд энэ ном танд ухаан нэмэх бүтээл шүү. ЦАГ ГАРГААД ЗААВАЛ УНШААРАЙ.

No comments:

Post a Comment