Сурагч байхдаа “хайр”-ыг зөвхөн эсрэг хүйстнээ хайрлах хайраар л төсөөлдөг байсан санагдана. Гунигтай ч юм шиг. Шүлэг, зохион бичлэг бичихдээ хайрт ээж минь, би гэр бүлдээ хайртай гэж биччихээд хэнд нь ч хайртай гэдгээ илэрхийлж чаддаггүй байсан. Яагаад гэж үү? “Хайр” амьдралыг тэтгэгч ус, агаар байтал “хайр” гэдэг үгийг хэлэхээсээ ичдэг шахам байж. Гэнэт өөрийгөө маш их өрөвдчихлөө.
Хүн төрөлхтний түүхэнд шашин хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй дайн тулаан, алан хядлага цөөнгүй байсаар ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ бүх шашнуудын үзэл санаа нь ухаарах, ойлгох, нигүүлсэх, хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх буюу хайрыг түгээхэд л чиглэсэн байдаг шүү дээ. “Хайрын дөчин дүрэм” энэхүү романд Исламын шашны үүднээс хайрыг тайлбарлажээ. Тэр ч утгаараа Исламын ертөнцөөс харьцангуй хол оршдог бидэнд энэхүү номыг уншихад бас нэгэн цонх нээгдэх нь лавтай юм.
Зохиолын үйл явдал орчин үе болоод Монголчуудын байлдан дагууллын үеийн Ислам гэсэн хоёр өөр цаг хугацаанд өрнөх бөгөөд хэн юу гэж хэлэхээс үл эмээх, бүх зүйл хов хоосон гэдэгт итгэх, юмс өөрчлөгдөж, хувьсахыг хүлээн зөвшөөрөх гэх мэт сэтгэлийн амар амгаланд хүрэх дүрмүүдийг танилцуулжээ. Тэдгээрээс дүрмээс цөөн хэдийг дор дурдлаа.
Ø Амьдралд тань юу ч
тохиолдлоо гэсэн, алив юмс тэвчихийн аргагүй хэцүү санагдсан ч сэтгэлээр бүү
уна. Бүх хаалга хаагдсан ч бурхан чамд цоо шинэ гарцыг нээж өгөх болно.
Талархалтай бай.
Ø Хүлцэн тэвчинэ гэдэг зовж шаналахын нэр биш, харин холч ухаантай байж, хийж буй үйлийнхээ эцсийг үзнэ гэсэн үг. Хүлцэн тэвчинэ гэдэг сарнайг өргөстэй нь шөнийг үүрийн гэгээтэй нь харахыг хэлнэ.
Ø Хувьсал өөрчлөлтөөс
халирч бүү зугтаа. Харин ч таатайгаар хүлээн ав. Амьдрал орвонгоороо эргэлээ
гээд адгаж бүү зов. Туулж гарснаас чинь илүү сайхан амьдрал тосоод угтах ч юм
билүү хэн мэдлээ.
Ø Өдөр бүрийг нэг л
янзаар өнгөрүүлнэ гэдэг үнэхээр харамсалтай. Бид урсан одох хором бүхний хэрээр
уушгаа цэнэглэх амьсгал бүрийнхээ тоогоор шинэчлэгдэж байх учиртай...
Хэрэв та өдөр тутмын амьдрал дахь асуудлуудаас үүдэлтэй сэтгэлзүйн таагүй байдлыг мэдэрч буй бол эсвэл өөрийн амьдралын утга учрыг хайж, амьдралын сайн сайхныг олж харахыг хүсж байгаа бол энэ номыг заавал уншихыг зөвлөе.
Comments
Post a Comment