ЭНХ ЦАГТ АМЬДАРЧ БУЙДАА ТАЛАРХНАМ

 


























“...Урьдын явдал, тайван амьдрал, ажлын тухай, дайнтай холбоогүй бүхний тухай, дайнтай холбоогүй бүхний тухай бодож явах нь Григорийд аятайхан байжээ. Яагаад гэвэл энэ долоон жил үргэлжилсэн ужиг дайнд нэгмөсөн залхаж, дайны тухай, цэрэг дайнтай холбоотой ямар нэг хэрэг явдлыг дурсаж санахтай хамт үнэн голоосоо дургүй нь хүрч ой гутах шиг болж байлаа.” (684-р тал)

Дайны үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг өгүүлсөн олон зохиол бүтээлүүд байдаг ч М.Шолоховын “Дөлгөөн Дон” роман хүний дотоод ертөнц рүү илүү гүнзгий нэвтэрчээ.

Тэдгээрээс цөөхнийг ишлэн дор дурдлаа. Олон жил дайны талбарт байлдаж, цуст аллага харж буй хүнд ямар сэтгэгдэл төрдгийг дараах ишлэлээс харж болно.

“...Би чинь тэр сэтгэл зовно гэдгийг мартаад удаж байна. Хамаг амьдрал эргэчихээд байхад сэтгэл зовохтой манатай... Хүн алсаар байгаад... Ингэж холион бантан хутгаж байгаагийнхаа учрыг олохоо больсон...” (269-р хуудас)

Харин дайнаас үүдэлтэйгээр эвдэж, сүйрсэн эд юмс хүний сэтгэлийг хэрхэн чилээж, урьдын амгалан тайван байдлаа санагалзах нөхцлийг бүрдүүлдгийг дараах ишлэлд харуулж.

“...Их хаалга нь ханаран ойчоод лууль шарилж ургасан хашаанд ороход Григорийн сэтгэл бүр ч харлаж гунихарлаа. Жимст танигдах аргагүй болж, хаашаа л харвал эвдэрч сүйрсэн юмс, нөгөө гоёмсог хээнцэр байшин ч дүнсийж харлаад намхан ч болчихсон мэт үзэгдэнэ.” (415-р хуудас)

Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дайны он жилүүдэд алдагдаж, олон жил сараар эхнэр, үр хүүхэд, эцэг, эхээ орхих эрчүүдийн тулаант амьдрал.

“...Ер нь дайнд өвөө л явбал таарах юм. Бидэнд тэрний хэрэг алга... Би чамайг явуулах дургүй байна...гэж хашгирав.

Григорий хүүгээ аяархан буулгаж алганыхаа араар нүдээ шувтраад юу ч дуугаралгүй мориндоо ташуур өгөв.” (441-р тал)

Дайн дайн дайн... Дайны цаг үед амьдарч байгаа хүмүүсийн амьдрал аж ахуй, сэтгэлзүй, нийгмийн харилцаа бүх зүйл дайны цаг үетэй холбогдож, аз жаргалтай гэхээсээ гунигтай үйл явдлаар дүүрэн байдаг нь туйлаас харамсалтай. Ямартай л дайны үед төрөөгүй дээ баярлаж байхав. Сэтгэл догдлуулсан бүхэл бүтэн дөрвөн дэвтрийг уншиж дуусаад дайны талаар сэтгэлзүйчид юу гэж үзсэн байдгийг гүйлгэн харахад дайныг хүний төрөлхийн шинж буюу инстинкт талаас нь тайлбарласан байх юм. Толгой дарааллан хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй зохиолын баатруудынхаа амьдралын хувь заяаг өрөвдөн байхдаа дээрх тайлбарыг уншаад бага ч гэсэн тайвширлаа.

Comments