СЭРТХИЙЛЭМ ТӨГСГӨЛТЭЙ СЭТГЭЛЗҮЙН АЛДАРТ РОМАНЫ ТУХАЙ ДУРДАХАД


Дэлхийн уран зохиолын түүхэнд зохиол бүтээлд нь сэтгэл судлалын үүднээс дүн шинжилгээ хийж, зохиолынх нь цөөнгүй дүрүүд сэтгэл судлалын онол, хандлагаар тайлбарлагддаг хүн бол Оросын алдарт зохиолч Фёдор Михайлович Достоевский юм.
Түүний оргил бүтээлүүдийн нэг “Идиот” буюу “Солиот” роман унаж татдаг өвчтэй Мышкин Щвеацарь улсад эмчлүүлж байгаад эх орондоо ирж байгаагаар эхлэдэг. Хэдий Мышкин өвчтэй ч гэлээ аливаад баг зүүлгүй, үнэнч шударга ханддагаараа хүрээлэгчдийнхээ хайр анхаарлыг татаж, тэдний анхаарлын төвд орох болно.

Ноён Мышкин Оросод ирээд үзэсгэлэнт бүсгүй Настасья Филипповна-д сэтгэл алдарч түүний төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ бүсгүйн төрсөн өдрийн зочдын өмнө зарладаг. Харин өсвөр наснаасаа сурвалжит ноён Тоцкийн бэлгийн дур хүслийг хангах болсноор эрэгтэй хүнд итгэх итгэлээ алдсан Настасья Филипповна-гийн яах гээд байгаа нь үл мэдэгдэх урвамтгай, бүр өөртөө хайртай хүнийг шаналгаж, зовоох гэсэн овойргон зан харилцаанаас үүдэлтэй тэдний хайр дурлал амжилттай үргэлжилж чаддаггүй. Үүнийг  сэтгэл судлалын үүднээс Настасья Филипповна-гийн өсвөр насандаа туулсан ахуйгаас үүдэн бий болсон нэг ёсны эмгэг ч гэж тайлбарлах юм.
Настасья Филипповна-г эсрэгцэн ноёнд хайртай болох эгэл даруухан хэрнээ тун ч олон жилийг дан гагц гэрийнхэнийхээ дунд өнгөрөөсөн, орчлон хорвоогийн сайн сайхныг таньж мэдэх туйлын хүсэлтэй Аглая охин гарч ирнэ. Тэрээр ноёныг гаднаа даажигнан доромжилж, санаа бодлоо тоглоом шоглоом маягаар илэрхийлэх ч гэсэн ноёнд чин сэтгэлээсээ хайртайгаа хэдэнтээ илэрхийлнэ.
Зохиол угтаа энэ гурван дүрийн хоорондох харилцаа, тэдний харилцааны зөрчлөөс бүтнэ. Ноён Мышкин-ий үнэнийг илэрхийлэх гэсэн бас өөрийнхөө өвчинтэй тэмцэж буй тэмцэл, Аглая бүсгүйн түргэн шарвагануур зан үйл, хаагдмал орчноос гарах гэсэн туйлын хүсэл, хатагтай Настасья Филипповна-гийн яах гээд байгаа мэдэгдэхгүй учир битүүлэг, тууштай биш зэрэг өвөрмөц зан үйлүүдийг харахад хүн төрөлхтөн бидний дотоод дахь зөрчил, үгүйсгэл илхнээ харагдана. Мөн зохиолын туслах дүрүүдийн зан харилцаа, зан үйлийн өвөрмөц шийдлүүд бидний дотоод мөн чанарыг тольдон харуулах мэтээр дүрслэгджээ. Тийм ч үүднээс “Солиот” гэх энэ роман сэтгэлзүйн адармаат бүтээл гэдгээрээ алдаршин хүн төрөлхтний дунд оршин тогтносоор байгаа болов уу...

Comments