Өрөвдүүлж байгаагаа үл мэдэх тэр хүмүүсийн төлөө
Өр минь өвдөнө... (19.08.31)
Тайлбар тавин зогссон 17 юмуу 18 насны охиныг хараад
учиргүй өрөвдөх сэтгэл төрж билээ. Яагаад тэр охиныг өрөвдөөд байгаагаа өөрөө ч
мэдэхгүй хэсэгтээ бодлогоширсон. Хүнд угаас байдаг дотоод ертөнцийн мэдрэмжээ хуваалцах
хэрэгцээний шаардлагын дагуу тухайн үед тэр охиныг өрөвдсөн болов уу?.
Өрөвдөх гэснээс хэдэн жилийн өмнө өвчний улмаас нас
барсан ахыгаа би үнэхээр их өрөвддөг юм. Омголон залуу насныхаа он жилүүдийг
хэрэгцээгүй зүйлс дээр уурлаж бухимдан, зарим үед хүмүүст тохиолдсон амьдралын
баяр баяслыг яг өөрт тохиолдсон мэтээр хүлээн авч баярлан хөөрч, чанга чанга
хөхрөх нь чихэнд сонсогдох шиг(хэм хэмжээнээс давсан гэмээр эдгээр сэтгэл хөдлөлүүд
нь үнэндээ түүний өвчинтэй холбоотой байсныг даанч хожуу мэдсэн л дээ). Ингээд
бодохоор амьдрал зарим хүнд хатуу ч хандаад байгаа юм шиг санагдана. Гэхдээ тэр
хүн амьдралын талаар ийм байна, тийм байна гонгинож байгаагүйг нь бодоход
өөрийнхөө хувьд амьдралдаа сэтгэл хангалуун л өнгөрөөсөн байх...
Сэтгэл уяхных гэхүү, эсвэл сэтгэл гэгч энэхүү ертөнцдөө
дэндүү ихийг багтаахыг эрмэлздэгдээ ч тэр үү, сайн муу холилдох энэ хорвоогийн
жамын талаар дэндүү ихийг эрэгцүүлэх юм даа.
Заримдаа
Зах хязгааргүй далай мэт
Юуг ч үл бодон
Юунд ч үл санаашран
Давалгайлмаар...
Юуг ч үл хайхран
Юунд ч үл нугаршгүйгээр
Давалгайлмаар...
Comments
Post a Comment