ДОТНО ХИЙГЭЭД ТАНИЛ "ОРОС УЛС"-ын ХИЛЭЭР АЛХСАН НЬ


Цэнхэр нүдтэй, шар үстэй, өндөр нуруутай, гоё ганган дүр төрх орос хүмүүст л байдаг байх. Гахай маллаж, хашаандаа ногоо тарьж хааяа хотод байх үр хүүхдийнхээрээ зочилох тосгоны аав, ээж. Тэдний санааг олон хүүхдийнх нь ороо бусгаа амьдрал чилээнэ. Хүүхдүүддээ санаа зовохынхоо хажуугаар хоёр биендээ санаа тавих өтөлж яваа аав, ээж. Энэ бол гэр бүлийн амьдрал харуулсан оросын олон ангит киноны түгээмэл хэлбэр. Тийн өгүүлэх кинонуудыг үндэсний телевизийн дуу оруулагчдын тансаг хоолойгоор монгол хэл дээр үзнэ гэдэг бичигхэн охин надад жинхэнэ тансаглал байлаа. Ухаан орсон цагаасаа л Орос орон хамгийн танил, Орос хүн хамгийн итгэж болох хүн юм шиг санагдаж ирсэн маань тэдний киног үзэж өссөнтэй холбоотой байх.

Харин хэзээ нэг өдөр Оросын хил алхаж кинон дээр л хардаг барби шиг хөөрхөн охид; царайлаг залуус; үзэсгэлэнт бүсгүйчүүд; үсээ дээрээ овоолон боосон, урт бошинз өмссөн махлаг, ахимаг эмэгтэй; нүдний шил зүүж, урт хар плато өмссөн сахалтай өвөө нарыг олноор нь харахад яг л зүүд биелээд ч байгаа юм шиг, эсвэл бүр сэрүүн зүүдлээд ч байгаа юм шиг, бага насандаа эргэж очоод кино үзэж байгаа ч юм шиг мэдрэмж төрөв. Кинон дээр гардаг тэр хүмүүс хаа сайгүй холхиж, лангууны ард зогсохыг харах гайхамшиг мэт санагдаж байлаа. Энэ бол Оросын хилээр алхсны дараах хамгийн гайхалтай мэдрэмж байв.
Ганц үг оросоор эвлүүлээд хэлж чадахгүй надад орос хүний яриа сонсох хүртэл дэндүү танил санагдана. Ийм л танил дотно газар нутгийн хил хязгаар хэсгээр явж Монголчууд бидний үндэс угсаа нэгтэн Буриад улсын өөртөө засах орны байгалийн сайхныг мэдэрч, дэлхийн хамгийн цэнгэг устай нуурын усанд орж, завиар аялахад их усан хязгааргүй үргэлжилж тэнд нэгэн тайлагдашгүй амьдрал байгаа болов уу л гэсэн бодол төрж байлаа. Яг үнэндээ “Усан доор 20000 бээр аяласан нь” шууд санаанд орж билээ.

...ХИЛ ХЯЗГААР НЬ ҮЛ МЭДЭГДЭХ ИХ УС
   ХАА ХҮРЭХ БОЛ ГЭХ СОНИУЧ БОДРОЛД АВТУУЛЖ, 
   ХАЖУУД НЬ АЙДАС ДАГУУЛАВ...

Энэ аялалын дүгнэлт нь: ХЭЛГҮЙ БОЛ ХӨЛГҮЙ гэдгийг ойлгов.
                                           Зун намрын улиралд хойшоо явах гэж байгаа бол шумуулны цацагч авах хэрэгтэйг мэдэв...


Comments

  1. Sn bnu. iim goy blogtoi yumuu. Ymar goyiin. Bichsen tyemdeglelvvdiig ni shimten unshnaa.

    ReplyDelete

Post a Comment