НОХДЫН ХУЦААН


***             ***             ***
Сургуульд сурахаар сумын төвийн хамаатныд хүргэгдэн ирлээ. Сумын төвийн охидын цэвэрхэн, хөөрхөнийг хэлэх юм биш. Хажууд суудаг охины ам хэл гүйцэгдэхгүй, намайг нэг дуугарвал хэлсэн үгэн дээр маань инээд наргиан болгон шоолдог байснаас нь болоод барагтай л үг дуугардаггүй байв.
Сумын төв гэснээс сумын төвийн нохдын хуцах нь хүртэл өөр байдаг юм шиг санагдаж билээ. Миний хүргэгдэн ирсэн хамаатных сумын төвийн баруун доод гудманд байх. Сэрүү нэгэнтээ орж, сэгсэргэн дээлээр хучиж унтахгүй бол нимгэн хөнжил хүйт дааж нойр хулжих тэр үед нохдын хуцах чимээгээр сэрчихээд элдвийг эргэцүүлэн хэвтдэг байж билээ. Нэг нохой эхлэж хуцахад нэлээд олуулаа болж хоршин хуцна. Сумын төвийн нохдын нэг онцлог нь өөр өөрийн хашаанаас үл гарна. Манай нохой хашаандаа, хажуу айлын нохой өөрийн хашаанаасаа хуцах ба тэдний хуцах нь цуурайтан сонсогдоно. Овсгоотой зарим нь хашаанаасаа гарч гудамны үзүүрт олноор цуглаад архиралдан хуцахаар хашаандаа байгаа хэд нь мөн л тэдэнтэй нэгдэхсэн гэсэн хүсэлдээ уягдан хуцах ба дуу дуугаа авалцах нохдын хуцаан заримдаа зүүдэн дунд ороод зүйл зүйлээрээ алалцаж байгаа юм шиг сүрийг хүртэл үзүүлнэ. Хамгийн сонин нь маргааш өглөө босоод гарахад хорвоо ертөнцийн амьдрал яг л хэвээрээ үргэлжилж, шөнөжин хуцсан ноход юу ч болоогүй юм шиг сүүлээ хавчин зогсож байдагсан.
***                       ***                      ***
Билгээ ах морио уяан дээр яаравчлан уячихаад хормойгоо хөшиглөн алхсаар гэрт орж ирээд баруун талын сандал дээр очиж суув. Тос даасан нударгаа шалавхан арагш болгоод Дулам эгчийн өгсөн цайг хурдан гэгч нь соров. Ямартай ч тайван бус яваа бололтой. Билгээ ахыг манайх луу чиглэн алхаж явахыг харсан Заяа ах тугалын хашааны нүх ухаж байснаа орхиод гэрийн зүг алхлаа. Заяа ахын дуу гэрийн гадаа гарахыг сонсоод Билгээ ах “За даа, ирсэн хэрэг ч гарлаа даа. Муу хүрэн мориныхоо сургийг гаргачихвал” гэж бодож амжлаа. Энэ зуур Заяа ах гутлаа чирсээр орж ирээд зүүн талын авдрын урд тавьсан мөнгөн аягатай цайг аваад ойчиж:
- За. Ямар сонин хүн явах нь энэ вэ? Зуншлага тавлаг уу? гээд аядуухан асуухад нь
Билгээ ах
- Өө тавлаг тавлаг. Хөгшин чинь ганц унааны морио тавьж туучихаад л явж байна. Хэл сураг тавих гээд л гараад ирлээ. Манай өнөөх хүрэн энэ хавиар үзэгдээгүй биз гэж нэг дор ирсэн зорилгоо тоочив.
Заяа ах толгой сэгсэрч
- Энэ хавиар сураг ажиг сонсогдсонгүй ш дээ. Танай морь аргамжаан дээрээсээ алдагдаа юу. Хоёр хоногийн өмнөх шөнө хотны ноход айхтар их хуцаж хонолоо. Би ч бас нөгөө урт гарт нь яваа юм болов уу л гэж санаж байлаа. Энэ хавиар гайгүй хоносон бололтой. Морь алдагдсан шөнө янз бүрийн ажиглагдаагүй юу хөө гэхэд
Билгээ ах тосон авч
- Ойрын хэд хоног ойр орчмын нохдын хуцах нь олширч. Манайхан ч бас элдэв хүн, амьтан яваад л байгаа бололтой гэж дүгнээд байгаа гээд гутлын түрүүнээсээ урт цагаан гаанс гарган асаагаад
-Тэр шөнө хотны нохдын хуцах чимээнээр хэд хэд босж гарсан ч хоттой хонио тойрчихоод хүрэн морио анзаараагүй маань буруудаж гээд Билгээ ах гэмшсэн байртай доош харав.
Ийн тэдний хуучлах зуур баруун орон дээр хойш харан хэвтэж байсан надад урд шөнөжин хуцсан хотны нохдын хуцах чимээ дахин сонсогдох шиг болов.

***                ***               ***
Нүүгэлтсэн утаа, нүргээнт шөнө хотын захын гэр хороолол. Хүмүүс нь бүгд унтаж харин ноход л хуцсаар байлаа.

Улаанбаатар хот
2017 оны 10 сарын 30

Comments