Сэтгэлд хөнгөхөн гуниг төрүүлж, уншихад урсаад явах хэдэн сайхан үргэлжилсэн үгийн бүтээл уншлаа. Үйл явдалд нь хөтлөгдөхөөс илүүтэй хэлэх гэсэн санаанд нь хөтлөгдсөөр, үгээр зурсан зурганд нь уярсаар зарим нэг үгийг тодруулсаар “Сармагчин бол сармагчин” тэргүүт шилмэл бүтээлийн чуулганыг уншиж дуусгалаа.
...Сэтгэлд даруулга жаал хэрэгтэй гэж бодогдож байв. Тэгэхгүй бол эмнэг хангал шиг дур зоргоор авч давхина шүү. Тэгж хадуурвал анги таатай ч биш. Бусгаад амархаан унагачихаж ч мэднэ...
...Ер нь хүнд өөр өөрийн “цонх” гэж бий. Өөрт хувь оногдсон тэр “цонхоороо” л орчлон ертөнцийг харж авдаг авай...
П.Баярсайхан “Буцах цаг” өгүүллэгээс
...Балдан, Догоо чавганцыг гэрт нь дөхүүлж өгөхөд “Та нарыг эрдэм номд явуулсан бидний буруу юм. Насны мухарт модон таягаас өөр түшиг тулгуургүй явцгааж байгааг чи харна уу? Чи гэхэд л Тунын голд төрөөгүй, хотод төрсөн юм шиг л эцэг эхийгээ мартаад...” гэж зэмлэж явав...
П.Баярсайхан “Хөгшид” өгүүллэгээс
Хоёрхон өгүүллэгээс нь иш татан харахад одоо үеийн залуус бид зөв аж төрөх, ёс суртахуунтай байх тал дээр дутаад байгаа зүйлийг урансайхны хэлбэрээр гайхалтай харуулжээ. Угтаа бид алдарт сэтгэгчдийн амьдралын талаарх үнэн үгсийг афоризм нэрээр цээжлээд байдаг шүү дээ. Гэтэл бидний өмнөх үед уран бүтээлээрээ дамжуулан залуус бидэнд амьдралын мөн чанарын талаар хэлж явсан уран бүтээлч явсныг олон нийтэд таниулах үйлсийг хийж “Тагтаа” хэвлэлийн газрынханд талархаад баршгүй нь.
Эцэст “ухаарлыг, уран үгийн гайхамшгийг “САРМАГЧИН БОЛ САРМАГЧИН” бүтээл таньд өгөх болно” гэж батлан хэлэх байна...
Comments
Post a Comment