“МӨН Ч ИХ ХҮЛЭЭСЭНДЭЭ” гэж ээж хэлээрэй гэсэн


“Мөн ч их хүлээсэндээ” гэж ээж хэлээрэй хэлсэн-гэх үгийг бяцхан охин аавдаа хэлснээр “Зүрхэнд шивнэсэн үг” кино төгсөнө. Бага байсныг ч хэлэх үү юмны учир мэдэхгүй, охины аавыг буруутган хичнээн дургүй хүрч, энэ охин эмээтэйгээ цаашид яаж амьдарна даа гэж бодон хямарч байлаа. Уг нь кино шүү дээ, гэтэл яг л үнэн юм шиг сэтгэлд бууж байсансан. Сайн уран бүтээл л ийнхүү хүний зүрх, сэтгэлийг эзэмддэг аж. Төрийн шагналт Д.Норовын “Мөнхийн дуудлага” туужийг уншиж хэдэнтээ нулимс унагав. Энэ зохиол бол өнөөх алдарт “Зүрхэнд шивнэсэн үг” киноны эх зохиол. Сайн зохиолоос сайн кино төрдөг гэж хэлдэгдээ. Үнэндээ зохиол, зохиолоос төрсөн кино аль альныг ярих юм алга, жинхэнэ бүтээлүүд.

Эр цэргийн албанд ханиа мордуулаад ирэх өдрийг нь хүлээн суусан эхнэр Хишгээ, үрээ хүлээн цөхөрсөн ижий Ханд, аавыгаа ямар хүн байдгийг нь ч мэдэхгүй хэрнээ “аав” ирнэ гэж хүлээсэн охин. Товчхондоо нэг гэрийн гурван эмэгтэйн хүлээлт. Хүлээлт нь цөхрөл, гуниг, хагацал болохын цагт шинэхэн эхнэрээ дагуулан ирэх Дэлэг. Дэлгийг ч бас буруутгаж, сөрөг дүрээр харж болохгүйг “Мөнхийн дуудлага” туужийн төгсгөл хэсэгт харуулсан “Зүрхэнд шивнэсэн үг” киног үзээд учиргүй буруутгаж байсан бодлыг маань бага ч гэсэн эерүүлэв. Угтаа Дэлэг эхнэр, хүүхдийнхээ өмнө буруу зүйл хийснээ дэндүү ихээр ухаарч байсан юм билээ шүү.
Кинон дээрээ ч тэр, зохиол дээрээ ч тэр үзэгч, уншигчдын сэтгэлийг өвтгөх дүр бол ОХИН. Ээжээсээ хагацаж, эмээтэйгээ үлдэх энхрий жаахан охин. Ээжийгээ хонь эргүүлэхээр явсан болоо гоёо гэж арга тасран бодох бяцхан зүрх. Ээжийнхээ хэрэглэж байсныг хойд эхээсээ харамлан нууж, эмээгээ л хайрлах, эмээтэйгээ л байх ёстой юм байна гэж өөртөө шивнэж буй бяцхан охин. Ээжийгээ санан гансарч, үгүйлэн дурсах бяцхан охин.
Зохиолын үйл явдал бяцхан охин ээжийгээ санан гансарч байгаагаар үргэлжилж, аав нь яагаад өөр бүсгүй дагуулж ирсэн, ээж нь яагаад тэнгэрт халих болсон учир шалтгааныг тоочин тайлбарлаж байгаагаар өрнөдөг. Утга, уран зохиолоор дамжуулан хүн төрөлхтөн сэтгэлийн таашаал, эмзэглэлийг мэдрэхээс гадна мэдлэг, мэдээлэл, оюун санааны ойлголтуудтай танилцаж байдаг жишгийг зохиолч Д.Норов “Мөнхийн дуудлага” тууждаа тусгахаа мартаагүй нь зохиолын амьдлаг чанарыг улам нэмж өгсөн хэрэг байлаа. Угтаа тэрээр үхлийн талаарх хамгийн сонгодог тайлбарыг өгчээ. Тэрхүү тайлбараар ийн гаргажээ.
...Амьдаар хагацах гэгч энэ үхлийн дэргэд жаргал мэт бодогдоно. Үхэл гэгч нэгэн хүний мөнх нойрссоноор төгсдөг юм биш, тэр хүний нөхөр, дайсан хоёрын сэтгэлд оршин байдгийг үзэв. Тэрхүү үхэл өнчин хоцорсон бяцхан охиных нь зүрхэнд, төрсөн ахын нь тойрч займчсан үгэнд, аманцар бэргэний шулуухан асуусан асуултад нуугдан байгааг үзэв. Энд найрлан суугаа, муу бүхнийг умартан зайлуулсан амгалан цараайтай энэ хүмүүсийн харцанд, өглөөхөн охин нь булаан авсан цэнхэр дээлийн шаглаасанд, Хишгээ хүүхний хонио хариулж явсан буурал царамд байгааг мэдэв. Ийнхүү үхэлтэй улаан нүүрээрээ учирснаа мэдэв. Гэмгүй царайлан худал ярьж суугаа энэ Базарын цээжинд байгаа үхэлтэй учирснаа мэдэв... ”       Д.Норов “Мөнхийн дуудлага” туужаас

Төгсгөлд нь дүгнэхэд “Мөнхийн дуудлага” туужийн бүхий л өрнөл гагцхүү  “Мөн ч их хүлээсэндээ” гэж ээж хэлээрэй гэсэн ганцхан өгүүлбэрт зангидагдсан нь гагцхүү зохиолч Д.Норовын уран чадварынх бизээ...

Comments