АХ ДҮҮ УЛИАС


Зэрэглээтсэн шаргал талын тэртээгээс хүн, малын аль нь вэ гэлтэй хар бараан зүйл сүүдэртэнэ. Энэ өглөөгүүр хэн л явав гэж дээ, хар үрээ маань л байх гэж бодогдоход аргамжаатайгаа яваа юмсан гайгүй байгаадаа гэсэн түр зуурын зовнил алга болов.
Хэн эрт боссон нь аргамжаан дээрх морио байгаа эсэхийг мэдээлдэг нэг ёсны дадал манай гэрт тогтчихсон. Энэ өглөө эгч үнээгээ саахаар гарахдаа
- Хүүе, Амараа аргамжаатай морь чинь байхгүй байна ш дээ гэж сандрангуй хэлэв. Би нойрноосоо бүтэн сэрээгүй байсан болохоор эгчийн яриа зүүд ч юм шиг санагдаж үргэлжлүүлэн унтах гэснээ
- Юу гэнээ, хар үрээ байхгүй байнаа гэж өндийн асуувал
- Тиймээ, босч малаа хараач гэж хэлээд эгч ширэв татан гарлаа.
Би яаран хувцаслаж аргамжааны газар гүйн очвол гадаснаас өөр юу ч байсангүй. Тэртээгээс сүүдэртэх хар бараан зүйлийг хар үрээ маань мөн эсэхийг дурандахаар гэрээс дуран авчрахаар гэрийн зүг алхлаа. Гэртээ орж цай ойччихоод гарч ирвэл аавын дүү Дорлиг ах нуруугаа үүрсээр ирж яваа харагдана. “Өө саяны хар бараан чинь Дорлиг ах байсан юм байна ш дээ” гэж бодоод халтар нохойгоо Дорлиг ахад хорьж өгөв. Намайг нохойгоо уячихаад гэрт ороход Дорлиг ах аав хоёр данхтай цайгаа дундаа тавьчихаад хуучлан сууж байлаа. Аавын нүүрэнд инээмсэглэл тодорч хүү минь
- Хар үрээ чинь Дорлигийн адуунд нийлчихсэн явна гэнээ. Цогоо дүү чинь бариад уячихсан гэж байна гэхэд Дорлиг ах дэмжиж
- Би та нарыг үрээндээ санаа зовж байгаа байх гэж бодоод хэлэхээр нааш алхчихлаа гээд аягатай цайнаасаа ойчив.
Би
- Та хүүхдүүдээсээ нэгийг нь явуулчихгүй яах гэж алхаа вэ? Би ч үрээнийхээ араас гарах гэж байлаа гэхэд
- Яах вэ? Ах нь далимаар нь танайхаар ирж ахын мэндийг мэдэх гээд л гэж хэлээд аягатай цайнаасаа дахин ойчив. Сандал тохойлдон суусан Дорлиг ахыг эгцлэн харвал хуйхных нь үс үл ялиг бууралтаж эхлээд магнайд нь олон үрчлээ суусан байв. Залуудаа нутаг усандаа бужигнуулж явсан Дорлиг ах танигдахын аргагүй хөгширснийг ийнхүү сая л анзаарлаа. Дорлиг ахын залуу үеийг эргэн санахуйд морь мал сургахдаа гаргуун сайн болохоор гол усныхандаа эмнэг сургагчаар уригдаж хэдэн тагш юм балгачихаад халамцуухан давхихдаа “Юндэн гөөгөө”-г дуулдаг том биетэй, тослог бор царайтай, их том нударгатай хэнд дийлдэшгүй ах нүдэнд минь харагдав. Хэн нэг нь үг сөрвөл “Халхад намайг дийлэх аавын хүү байхгүй” гэж сагсууран хөлчүүрхдэг байж билээ. Гэхдээ эрүүл дээрээ яриа хөөрөөтэй, тусч, сайхан сэтгэлтэй, гүндүүгүй нэгэн болохоор бид хэн нэгнээс тусламж, туслалцаа авах болоход Дорлиг ахад л хандана. Дорлиг ах хэдэн сайхан хонгор морио ээлжлэн унаж биднийг сумын төвөөс авдаг байсансан. Тавдахь өдөр байрны хашааны гадаа хонгор морь уяатай байвал “Дорлиг ах авахаар ирж дээ” гэж таамаглаад орохоор үнэхээр л Дорлиг ах томдсон нударгаа эргүүлээд нүүр дүүрэн инээчихсэн сууж байдагсан. Одоо харахнээ Дорлиг ахын тэр нүүр дүүрэн инээмсэглэл үгүй болж нүдэн дэх гал цог нь хаачсан гэмээр бүдгэрчээ.
Доош харан цай ойчлон суугаа Дорлиг ах, гаанстай тамхиа удаан гэгч сорон суугаа аав хоёр арын уулны сондгойрон ургасан хоёр улиас шиг харагдав. Мал хуй хариулж яваад тэр хоёр улиасны хажуугаар гарахад бие биенээ аргадан, хэн хэнтэйгээ ярилцаж байгаа ч юм шиг заримдаа бүр зэврүүн салхинд найгаад дэндүү гунигтай харагддагсан. Үл мэдэгхэн бөгтийж, морь мал унахаас хөндийрч тамхиа нэрэн суух болсон аав минь сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр ч сайхан дүүгээ өвчний улмаас алдсан бөгөөд үлдсэн ганц дүү нь Дорлиг ах юм.
“Зулай зулайгаа гишгэн төрсөн идэр эрчүүдээс хоёулхнаа болчихоод ингээд хуучлаад сууна” гэж энэ хоёр минь хэзээ ч төсөөлж яваагүй байхдаа гэж бодохуйд сэтгэл минь урагдах шиг болж Дорлиг ахлуу харц чиглүүлвэл их л бодлогошронгуй духуйн суусан хэвээр байх ба аягатай цай барьсан гар нь чичрэн салганаж байлаа.
                              Улаанбаатар
                                       2017 оны 08 сарын 09 

Comments