ЧИНАГИЙН ГАЛСАН БУЮУ ХОРВООД ҮЛДЭХ НОМТОЙ ЗОХИОГЧИЙН “ТУУЖУУД” ТҮҮВЭР ЗОХИОЛЫН ТУХАЙ

                                                   Мээмэндээ сүүтэй ээжийн хүү
Сэтгэлдээ чөмөгтэй байдаг юм...
                         Ч.Галсан

“Аянгат цагийн тууж”-аар эхлэх зохиолч Ч.Галсангийн “Туужууд” бүтээлийн түүврийн 2017 оны хэвлэлтийг уншиж дуусгалаа. Зохиолч бодит баримт дээр тулгуурлан уран бүтээлээ туурвихдаа уншигчдад яг ярьж өгч байгаа юм шиг хэлбэрээр бичдэг нь ихэд таалагдлаа. Түүний олон бүтээлд “ийн өгүүлрүүн, ийнхүү өгүүлэх нь” гэх мэт холбоос орж ирж зохиолын гол баатар үйл явдлаа ярих байдлаар илэрхийлэх нь ихэд ойлгомжтой болгож, бүтээлийнх нь амьдлаг чанарыг бий болгож байлаа.
Зохиолч Ч.Галсан шүлэг, өгүүллэг, туужаас авахуулаад аян замын тэмдэглэл, эссэ гээд бичлэгийн олон төрлөөр бичдэг нэгэн. “Туужууд” бүтээлийн түүврийг уншиж байхдаа хоёрхон хуудастай өгүүллэгийг уншаад ч хоёр өдөр бодож явах үе байлаа. Зохиол бүтээлийг хүний сэтгэлд хүртэл урлана гэгч л энэ юм болов уу. “Аянгат цагийн тууж”-аас авахуулаад л сэтгэлийн хөндүүрлэл, эмзэглэл мэдэрч “Ээждээ өргөсөн уянгын цацал”-аас эх хүний үрээ гэх сэтгэл, ижийгээ зорих үрийн сэтгэлийг мэдэрч өрөвдөж хайрлах сэтгэлийн хөнгөн утас хөндөгдлөө.


Эжийг минь буцах хавар
Хорвоод ирсэн юм чинь
Энэ биеийг минь буцахын цагт
Хорвоод үлдэх ном минь...гэж зохиолчийн хэлсэнчлэн үнэндээ л зохиол бүтээл нь түгэн дэлгэрч, ард түмнийг ундаалах бүтээл туурвигч уран бүтээлч юмаа гэж Ч.Галсан гуайг гайхан биширлээ...

Comments