Амарааг сургуулийн баруун хаалгаар явж оруут дүрэмт хувцас өмссөн ахлах ангийн сурагч:
- Яах гэж яваа билээ? Хичээлийн цагаар гадны хүн оруулахгүй гэж хэлээд эргээд гарна уу? гэсэн янзтай харав. Сургууль төгссөнөөсөө хойш арван жилийн сургуулийн хаалгаар бараг л шагаагаагүй болохоор сургуулиудад ийм дүрэм үйлчилдэг болсныг ч мэдсэнгүй.
Амараа
- Юу, юу би сургалтын менежертэй уулзах гэж яваа юмаа гэж гацан хэлэхэд
- Ямар хэргээр яваа билээ гэж хэгжрүүн дуугаар хажуугийнх нь хөвгүүн дуугарав. Эдгээр сурагчид энгэртээ дөрвөлжин хүрээтэй тэмдэг зүүсэн байхыг бодоход “жижүүр сурагчид” гэж ялгарч харагдахад зориулагдсан болов уу?. Жижүүр сурагчид тэгэсхийн асууж байтал мөн л энгэртээ дөрвөлжин хүрээтэй тэмдэг зүүсэн багш ирээд
- Хэнтэй уулзах гэж яваа гэнээ гэж дахин лавлан асуухад нь Амараа дуугаа өндөрсгөн
- Сургалтын менежертэй гэж давтан хэлэв.
Жижүүр багш:
- Сургалтын менежер хоолонд гарсан. Та дээш гараад хүлээж байх уу? гээд Амарааг дагуулан сургуулийн баруун жигүүр лүү алхав. Баруун жигүүрээр хоёр давхарт гарахад сургуулийн коридорт хэн ч үл явж харагдана. Хэсэг хугацааны дараа цонхтой цагийн багш нар бололтой хэдэн багш өөдөөс харсан өрөөнөөс цувран гарч ирэв.
Амараа багш нарын гарч ирсэн өрөөний хананы дагуух сурагчдын бүтээлийг харж зогсох зуураа сурагчдын бүтээлч сэтгэхүйг гайхаж “Одооны хүүхдүүд ч бидний үеийг бодоход сурч, боловсрох орчин нөхцлөөр үнэхээр сайн хангагддаг болсон юм байна даа” гэх бодолд автах зуур баярлах, бахархах сэтгэл төрж байлаа. “Эх орны маань ирээдүй болсон хүүхэд багачууд сайн боловсорч, сайн хүн болж байвал болоо доо” бодохуйд ирсэн зорилгоо гэнэт санах шиг болж жижүүр багшийн
- Сургалтын менежерийн өрөө тэр шатны хажуугийнх гэж хэлснийг санаад зүүн тийш харвал цэлийсэн урт коридорын цаана, зүүн шатны ойр хавийг зүлгэн зогсож буй цэвэрлэгч эгч нүдэнд нь тусав. Ногоон цэнхэр хувцас өмсөж, цэвэрлэгээний мод, алчуураараа шал зүлгэн зогсож байгаа тэр эгч хэзээний танил мэт санагдаж өөрийн мэдэлгүй түүнийг чиглэн алхлаа. Ойртох тусам тэнгэрт одсон ээж нь яг л урьдын адилаар шалаа цэмцийтэл зүлгээд зогсож байх шиг харагдав. Гайхаж, алмайрсан Амараа хурдан хурдан алхсаар цэвэрлэгч эгч дээр дөхөн очиход үсээ мөлчийтөл нь самнаж ногоон цэнхэр малгайгаа өмссөн, тэтгэвэрт гарах дөхөж байгаа болов уу? гэх насны өргөн нүүртэй шар эгч Амарааг үл анзааран үүрэгт ажлаа хийж байлаа. Амараа хэсэг зуур зогтусаад амандаа “Яалт ч үгүй, ээж минь мөн л байсан даа” гэж өөртөө шивнэн хэлснээ “Ажлын хувцас нь адилхан болохоор л ээж шиг минь харагдаж байгаа ш дээ” гэж өөртөө урамгүйхэн хэлээд менежерийн өрөөний зүг алхлаа. Амарааг зорьсон ажлаа бүтээгээд өрөөнөөс гарахад баруун жигүүрийн шатны хэсэгт мөн л ногоон цэнхэр халаадтай цэвэрлэгч нямбай гэгч нь шалаа зүлгэсээр байлаа.
“Хаа газрын цэвэрлэгч нар ажилдаа хачин хариуцлагатай хүмүүс байх юм даа. Ээж минь сургуульд байхад ингээд л шалаа зүлгээд зогсож байдагсан. Хөөрхий муу ээж минь олон жил шал зүлгэхдээ хэзээ ч гомдоллож байгаагүй шүү.” гэж бодогдохуйд Амараад “Цэвэрлэгч эгч ээжтэй минь ялгаа юу байхав дээ. Хажуугаар нь гарахдаа мэндлээд гарах минь ч яав даа” гэх харуусал төрөв.
Улаанбаатар хот
2017.09.20
Comments
Post a Comment