ЦЭЦГЭН ТИТЭМ хийгээд ЦЭЭЖНИЙ ХӨНДҮҮРЛЭЛ

Дуусч баршгүй үгийн ундаргатай
Туулж баршгүй ээдрээт амьдралын нугачааны талаар өгүүлэх “ЦЭЦГЭН ТИТЭМ” романыг эхлэхдээ уншигчийн анхаарлыг гойд татах бичлэгийг бишэрч байсан бол төгсгөлд нь цэцгэн титэмт бүсгүйн ээдрээт амьдрал, түүний хайртай эмээ, үрээ алдчихаад шаналж буй эцэг эхийг нь өрөвдөх сэтгэлтэйгээр өндөрлөв. Нэг ёсондоо сэтгэлдээ хөндүүр гуниг тээн, зохиогчийн өөрийнх нь бичсэнчлэн дараагийн цувралд нь “үүр цайгаасай” л гэж хүсмээр санагдлаа.

Зохиолч А.Пүрэвмаагийн талаар төдийлөн мэдээлэлгүй байсан болохоор романаа уншиж дуусаад шууд л түүний талаарх мэдээлэл хайн зохиолч А.Пүрэвмаагийн ярилцлага, нэвтрүүлэгт орсон бичлэгүүдийг үзэж, туулж өнгөрүүлсэн амьдралыг нь өрөвдөх гэхээсээ илүү өөрийгөө ялж гарсан дайчин чанараар нь бахархаж, уншиж бичихээ хэрхэн хослуулдаг талаар нь сонсоод ихэд олзуурхлаа. Олон мянган охид, бүсгүйчүүдийн дуу хоолойг өргөж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, энэ л асуудалд сэтгэл эмзэглэн явдаг уран бүтээлч болохыг нь ч мэдэж авлаа.

“ЦЭЦГЭН ТИТЭМ” бодит байдлыг уран сайхны аргаар дүрсэлсэн энэхүү роман надад зохиолчийн уран сайхны тансаг бичлэг хийгээд амьдралын эрээн барааныг, үгүй байлгүй дээ гэх эмзэглэлийг төрүүллээ. Гэхдээ зохиолчийн “Одоо би эдгэсээн. Хоёр хөл дээрээ гүйж байгаа. Энэ чинь уран бүтээл шүү дээ” гэж хэлсэн намуухан инээмсэглэл зохиолчид тохиолдсон золгүй явдлын үр нөлөөгөөр эрүүл мэнд нь яаж байгаа болоо, яг л зохиол дээр болдог шигээ зүйл амьдрал дээр нь байсан юм болов уу гэх зүрх шимшрэм бодлыг үгүй хийсэнд чин сэтгэлээсээ баярлах сэтгэл төрлөө. Зохиолчийн хэлдгээр “ЦЭЦГЭН ТИТЭМ бол жинхэнэ уран бүтээл” ажээ. 

Comments