ЭРГЭЖ МЭДРЭХГҮЙ ХАЙР

      
Бодогдох төдийд гоё сайхан нь тодорч, хамт л байхсан гэсэн хүсэл дотроос ээрдэг байсан өдрүүд өөрчлөгдөж, харагдах төдийд л хайр цацруулдаг өдрүүд харин одоо хажууд нь байхад залхуутай мэдрэмжээр солигджээ. Хаанаас ч юм бэ ундардаг байсан тэр их энхрийлэл үгүй болж, гудманд хэн нэгэнтэй зөрөөд өнгөрөх шиг л - сайн уу? гэх мэндийн зөрөөтэй үлдэж. “Хүн гэгч ийм өөрчлөмтгий, хувьсамтгай, өөдгүй амьтан юм гэж үү” гэж бодохдоо Амараа Баяраатай хамтдаа байхдаа жаргалтай, хэн хэндээ татагдаж, тэмүүлдэг, хайрладаг байсан тэр өдрүүддээ эргээд очмоор санагдав.
****                         ****                     ****
Амараа, Баяраа хоёр нутгийнхаа шинэ жилийн үдэшлэг дээр анх таарчээ. Баяраа Амарааг харуутаа л сэтгэл алдарч, ойролцоо сууж байсан найзаас нь Амараагийн дугаарыг авснаар тэдний харилцаа эхлэж. Тэд утасны цаанаас хагас жил гаруйтай харилцсан ч энэ хугацаанд хэн хэн нь уулзах тухай ам нээгээгүй аж. Анхны болзооноос хойш тэдний харилцаа ойртон дотносож бие биедээ улам татагдах болов. Баяраа гэр бүлийн амьдрал зохиох, үр хүүхэдтэй болох тухай Амараад хэд хэдэн удаа цухуйлгаж байсан ч Амараа нэг л шийдвэртэй хариулт хэлэхгүй явсаар тэд үерхээд хоёр сар гаруйн дараанаас хоёр тийш болов.
Баяраа Амараагаас салснаас хойш яахаа мэдэлгүй өдөр хоногуудыг өнгөрөөж өмнө үерхэж байсан охинтойгоо эргэн нийлэхээр хичээсэн ч Амарааг улам ихээр санах болжээ. Усгал зөөлөн харц, ухаалаг дөлгөөхөн инээмсэглэл гээд Амараагийн үйлдэл бүхнийг эргэн санаж, үгүйлэн гансарч явсаар нэг л өдөр өөрийн мэдэлгүй Амараа луу залгав.
Бүх л дэлхийд ганцхан Амараа л байгаа юм шиг үг, үйлдэл бүрээ Амараагийн төлөө зориулдаг байсан Баяраа байхгүй болсон гэж бодогдохуйд Амараад хоосон, хүйтэн ертөнцөд амьдарч байгаа юм шиг мэдэрч төрж, Баярааг санах нь ихэссэн тэр үед Баяраагийн дуудлага орж ирсэн болохоор Амараа чин сэтгэлээсээ баярлажээ. Тэр ярианы явцад залуус бие биедээ тэмүүлж, хүлээж байгаагаа мэдрэв. Тиймээс ч хамт байгаагүй өдөр хоногуудаа нөхөх гэсэн шиг баяр хөөртэй уулзахдаа дахин хэзээ ч салахгүй гэж тэд бие биедээ амлажээ. Тэдний энэ удаагийн учрал дурлалт хосуудыг бие биенээ нандигнах, хайрлаж, хамгаалах, нэг нь нэгэнгүйгээр оршихгүй мэт гүн сэтгэгдлийг төрүүлж байсан ч хэзээ ч салахгүй, үргэлж бие биетэйгээ хамт байна гэсэн амлалт нь Баяраа гадагшаа сургуульд явсан тэр өдрөөс эхлээд минут, цаг, өдөр, он жилээр алдагдаж эхлэж...
***                    ***                      ***
Амараа энэ бүгдийг эргэн санаад санаа алдахуйд догдлол, тэмүүлэлээр уулзан асж явсан дурлалт үедээ эргэн очоод тэр л гэгээн мэдрэмжийг авч чадахгүй гэж бодохоор ямар ч утга учиргүй санагдав. Тэр хоёр хэзээ ч бие биедээ урьдынх шиг асан дурлахгүй гэж бодохоор энэ бүгдийг бодохын ч хэрэггүй аж. Гэсэн хэрнээ яагаад хааяа уулзмаар санагдаад байдаг юм болоо гэсэн асуулт гарч ирэх. Үнэндээ тэд өмнө нь хайртай байсан, өмнө нь жаргалтай байсан гэсэн дурсамжийнхаа учир л хааяа нэг уулздаг аж. Энэ амьдралд эргүүлж болдоггүй цаг хугацаа, эргэж мэдэрч болдоггүй мэдрэмж байдгийг энэ үед Амараа дэндүү их ойлгож уртаар санаа алдав...

2017 оны 10 сарын 28
                                                                                                                      Улаанбаатар хот 

Comments