ЗАМХРАН ҮЛДСЭН СААРАЛ ТҮҮХ

Амьдрал амьдрал биш санагдахын цагт унших номтой байна гэдэг аз жаргал. Өрөвдөлтэй ч юм шиг ийм аз жаргалын дунд хичнээн ч нас нь өнгөрөв!
Г.Аюурзана “Цуурайнаас төрөгсөд” роман, 329-р тал
Зохиолч, яруу найрагч Г. Аюурзаны хэд хэдэн үргэлжилсэн үгийн бүтээлийг уншсныхаа хувьд үл ойлгогдом сэтгэлгээтэй зохиолын гол дүр, зохиолын төгсгөлд гол дүрийн сэтгэлгээ, амьдралын хэв маяг яг хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн жаахан ч гэсэн таамаглал уншигчидад төрүүлдэггүй Монголдоо цөөн тоологдох, магад цор ганц сэтгэлгээний өвөрмөц бичлэгтэй бичгийн хүн гэж тодорхойлмоор санагдав. Яг л Японы Муракурами шиг.
Зохиолч Г.Аюурзанын “Гурамсан цадиг”-т багтах шүтэлцээт романуудын тухай товч дурдвал:
l  “Илбэ зэрэглээ” \2003\ роман нэгэн гэр бүлийн бодит түүхээс сэдэвлэгдсэн аж. Зохиолын эхэнд зохиогч тухайн гэр бүлийн талаар харамсалтай түүхийг өгүүлэхэд нь энэ гэр бүлийнхний аж амьдрал цаашид яах бол хагацаж, салсан золгүй бүхэн нь эвлэж нэгдэх болов уу? гэсэн нууцхан хүлээлтэнд баригдсан ч юу ч тайлагдалгүй дуусав. Жаахан урамгүй дараагийн роман луу орсон ч маш сонирхолтой ч гэмээр түүхийг дурдаж уншигчийн анхаарлыг татаж чадсан зохиолчийг бишрэв.
l  “Арван зүүдний өр” \2005\ роман, хамгийн товчхондоо зүүд сонирхогч, судлагч хэнд ч болов зүүдний талаарх бүтээлүүдийн нэвтэрхий толь. Алдарт сэтгэлзүйчдийн зүүдний талаарх тайлбаруудыг уран зохиолын аргаар тайлбарласан бүтээл.
l  “Цуурайнаас төрөгсөд” \2007\ роман, Насанбилэг Өвөрмонголын Ордосын эмнэлэгт байгаагаар эхлэх ба эмчлэгч эмч Тунбаагийн “Үгүй ээ, таныг биш. Гэхдээ л таны нэг дүрийг... Таныг би хувилгаан хүн юм гэж хэлэх гээд гэж битгий бодоорой. Гэхдээ л яг тиймэрхүү, таны нэг дүрийг... Гэхдээ урд насны тань дүрийг биш, энэ насанд зэргэлдээ амьдарч явсан нэг дүрийг тань... Тэр дүр, өөр нэг та...”  гэж хэлснээр гол дүрийн эрэл хайгуул эхлэнэ. Явж явж өмнөх романуудын дүр зураач Бэгтэр, “Фрейдийн сүүдэр” булангийн хөтлөгч Тэнгис, Насанбилэг нар уулзаж, хүн өөр өөр цаг хугацаанд өөр өөр дүрээр амьдарч явдгийг Насанбилэгээр дамжуулан би ойлголоо.

Дээр дурдсанчлан “Илбэ зэрэглээ” романыг уншиж эхлэхдээ хөтлөгдөн сонирхож эхлэсэн гэр бүлийн түүх гурамсан цадигийн төгсгөлд ч мөн замхран яг л зохиолчийн хэлсэн шиг “саарал түүх” хэвээр үлдсэн юм. Арга ч үгүй биз, Г.Аюурзана бол адал явдалт хүүрнэл зохиолч биш, сэтгэлгээний зохиолч шүү дээ.

Comments