Онгорхой цонхны цаанаас салхи үлээсээр удалгүй бороо шаагин оров. Шалавхан цонхныхоо хөшгийг татлаа. Үнэндээ саяхан татсан хөшгийг салхи нэвт үлээж борооны чимээ нам гүмхэн өрөөнд ноёлно. Нам гүмхэн өрөөнд ганцаараа суухдаа өөрийгөө чагнах шиг боллоо.
Би яагаад энд байж байдаг билээ?
Би ирээдүйд юу хийж бүтээх билээ? гэх мэт асуултууд намайг нөмрөн авлаа. Ер нь нам гүм өрөөг бүхэлд нь нөмөрчээ. Хананд тогтоосон телевиз, бичгийн ширээн дээрх өрөөстэй ном гээд бүгд л асуултанд дарагдсан мэт дүнсийж харагдана.
Манайх зургаан давхар байрны таван давхарын наран талын өрөө. Урдах зэргэлдээ байрны айлын цонхны цаанаас тэдний нэг өрөөний амьдрал нэвт харагддаг болохоор хааяадаа цонхон дээрээ зогсчихоод тэднийхийг харж зогсох их дуртай байдаг юм. Анзаараад байхад зэргэлдээх хөршийнх маань тав эргэм насны гэр бүл бололтой. Хүүхдүүд нь тусдаа гарсан болов уу гэлтэй эхнэр нөхөр хоёр гал тогооны өрөөнийхөө ширээний хоёр талд сууж байх нь харагддаг юм. Нөхөр нь сонин гарчиглаж, эхнэр нь харин харагдахгүй байж байгаад ирж суух нь олонтоо.
Зэргэлдээх хөршийнхөөс харцаа салгаж эгц доош харах бүр ч сонирхолтой. Хэвлийн үс нь газар шүргэм урттай, цайвар цагаан үстэй, урт чихтэй нохой хэвтэж, алхаж, заримдаа юм идэж байгаагаар харагдана. Байрны доод талын дэлгүүрийн эзний нохой байх гэж би таамаглаад байгаа. Орой хүмүүс унтахын алдад нохдын хуцах чимээ гарч, төмөр шажигнах үед би ихэнхдээ ширээний компьютерийнхоо ард сууж байдаг болохоор дэлгүүрийн эзэн ажлаасаа бууж байна даа гэж бодоод бугуйн цагаа харахад шөнийн 12 цаг болж байдаг юм. Тэр цагаан нохойны хуцах чимээ заримдаа манай байрныханд ад болох нь ч бий. Ид сайхан унтаж байхад, энд тэндэхийн нөхдөө дагуулж ирээд хар, яр хийж зодолдоод хэсэгтээ шаагиж байсан цөөнгүй тохиолдол бий. Ямар сайндаа л манай найз ирж хоноод өглөө нь босохдоо - Танай байрны урд шөнөжин нохой хуцаж, зодолдоод унтуулсангүй гэж гомдоллож билээ. Шөнө оройдоо хүн зоны тав алдагдуулдаг ч цонх ширтэн зогсохдоо цагаан нохойг харахаар өхөөрдөх сэтгэл төрөөд байдаг юм. Нар шарж, халуу дүүгэсэн зарим өдрүүдэд цайны цагаараа гэртээ ирчихээд сэрүүцэхээр цонхон дээр очин зогсохоор өнөөх цагаан нохой сүүлээ дээш өргөж, хэлээ унжуулаад, удаан гэгч алхаж байх нь харагдана. Тэр яг л над шиг халууцсандаа явж, суух байх газраа олж яддаг бололтой.
Манай байрны өмнө сагсан бөмбөгийн талбай байдаг болохоор их цэлгэр харагдана. Эгц доошоо цагаан нохойгоо хараад эгц урагш харж урдаас ирж яваа эсвэл талбай руу алхаж буй хүмүүсийг ажна. Оройдоо залуус бөмбөг барин талбайг зорьж байхад үдэш залуу хосууд хөтлөлцөөд нааш алхаж буй нь олонх хувийг нь эзлэдэг юм.
Би төрөлхийн сониуч нэгэн болоод ч тэрүү, сагсны талбайгаас байрлуугаа чиглэн алхаж явахдаа өрөөнийхөө цонхон дээр харцаа чиглүүлнээ. Өдөртөө бол бусад айлынхаас ялгараад байхгүй ч манайх цонхон дээрээ хар хөх индүү босгож тависаар хэдэн жил өнгөрөөсөн болохоор өөрийнхөө цонхыг таньж ядаад байх юм. Өөр онцлох юм байхгүй ч цэлгэр том цонх “хувцас сольж өмсөх, усанд орохдоо цонхныхоо хөшгийг татаж байхгүй бол ялангуяа үдэш оройн цагаар урдаас явж байгаа хүнд бол их тод харагдана шүү” гэж урдаас хэлээд байх шиг санагддаг юм.
Цонх ширтэн зогсоход хамгийн гоё үе бол бороо шивэрч эсвэл бүр шаагиж байх тэр л агшин. Шүхрээр халхавч хийн алхах хүмүүс өнгө өнгийн цэцэгс шиг харагдаж өөрийн эрхгүй сэтгэлийг минь татах шиг болдог юм. Өнөөдөр ч гэсэн өнгө өнгийн цэцэгсийг харж, саяхан найруулсан кофегоо барьчихаад “Ном уншаад ээжийнхээ дээлийг нөмрөөд хэвтэж байхад ямар сайхан өдөр вэ? Эсвэл бүр борооны чимээ чагнаад л хэвтдэг ч юм уу” гэх бодлыг тээгээд зогсмоор санагдсан ч нам гүмийг мэдрэх гэсэн хүсэлдээ автагдан цонхны хөшгөө татсан нь энэ.
Хөшиг татсны дараа урдах зэргэлдээ айлын эхнэр нөхөр юу хийж байгааг ч харахгүй, газар шүргэм урт үстэй цагааныгаа ч харахгүй, гайхам өнгөтэй цэцэгсээ ч харахгүй, ганхаж буй моддын мөчрийг ч харахгүй дөрвөн ханан дундаа дэмий л бодол бодон сууна. Төд удалгүй яаравчлан очоод хөшгөө нээлээ. Бороо шаагин орсоор, цонхны шилэн дээрх усан дуслууд угалзран доош унахыг ажиглан зогссоноо урьдын адил эгц доош харвал өнөөх цагаанаа маань үзэгдсэнгүй. Лав л тэр яг над шиг бороонд норохыг хүсээгүй бололтой...
Хөххот
2017 оны 06 сарын 24
Comments
Post a Comment