БОРОО


Удаан хүлээсэн бороо

Удтал хүлээсэн бороо зөөлхөн шивэрч, дусал бүр нь шонгийн гэрэлд гялалзан харагдана. Бороо ороход бодол нимгэрэх шиг болж, чийгтэж налайсан навчисын шинэхэн үнэрийг таатайяа мэдэрдэгсэн. Зөөлөн шиврэх борооны чимээг чагнан, ном унших мөн ч таатайсан. Аяга кофе найруулж аваад ширээний компьютерийн ард суухад заримдаа ч бас сэтгэл юугаан уудалсан сайхан санаа төрж, бичихгүй байхын аргагүй хөг аялгуу орж ирдэгсэн.
Бодол юугаан цэгцэлж, борооны дусал бүрийг ажиглаж алхах бас л сайхан мэдрэмжүүдийн нэг. Бороо газар дэлхийг ундаалж, тэнгэрээс буудгийн адилаар шинэ санаа, сэдэл өгч, сэтгэл юуг минь ариусгахаар тэнгэрээс бууна. Зөөлхөн шивэрсэн бороонд зөрөөд өнгөрөх хосуудын намуухан яриа сонсдож, зүүн гартаа барьсан шүхрээ сунгаж урдах замаа дахин дахин харсаар алхана.
“Маргааш өглөө мөн ч гоё агаар угтана даа” гэж бодохуйд тэр л цэвэр агаарыг амьсгалахгүй өнгөрчихвий гэсэн шиг “эрт босоход л болоо шүү дээ” гэж өөртөө шивнэн хэлэв. Өдөр л моддын мөчир найгаж, тэнгэр бүрхэж, сэрүүхэн салхи хацар илбэж байсан бол яг одоо бороо шивэрч байна.
Хэдэн өдөр орж, суух газаргүй халсан болохоор нимгэн хувцаслаж даарна гэж ч санасангүй гэрээс гарчээ. Зөөлөн шивэрч байгаа бороо жавар дагуулж, бодолд минь харин бодлын хур буулгаж. Бороо орсоор л, зөөлхнөөр шивэрч, нэг цаг, хоёр цаг, ер нь шөнөжингөө ороосой.

Зүсэрсэн бороо

“Тогоруу дуугараад байна. Борооших төлөвтэй” гэж хажуу айлын Бадам эмээ хоёр хоногийн өмнө ярьж байсан. Нээрээ л хоёр хоног тасралтгүй бороо оров. Ган тайлагдаж, малын өвс чийглэгдэх нь гэж байсан томчууд хоёр өдрийн бороонд залхаж байгаа бололтой. Саяхан ноосыг нь авсан хонь шөнөдөө бороонд уруудчих гээд шөнөдөө хэд хэд босж эргүүлж, тойруулахаас авахуулаад өмсөх хувцас норж, үргэлж цув өмсөж гадагш гарах нь нэг ёсны дарамттай байгаа нь анзаарагдана.
Халуун наранд хурга, тугал эргүүлж хөлсөө гартал гүйхгүй бидэнд хоёр өдөр дарааллан орсон бороо нэг ёсны амралт болов. Өглөө үнээгээ саагаад эх, тугал хоёрыг өөр өөр зүгт ялган туусан ч хүйтэн бороо үргэлжлэн орж хэдэн тугал уруудаж яваад эхтэйгээ нийлэв. Ээж энэ удаад “за нэг өдөр хэдэн тугал ээжтэйгээ явахад яахав” гэж лүндэн буулгасан болохоор тугалаа эхээс нь ялган хаших шаардлагагүй болсон юм. Харин өчигдрийн бороонд хашаа шавхайрсан болохоор хэсэг хонио хашиж хоноод хургаа бариагүй билээ.
Бидэнд үүлэн чөлөөний нар гарахаар л өчигдөрхөн зүссэн дэлгэцтэй ааруулаа зөөж гүйх гэж том ажил нэмэгдэв. Зүссэн цагаас хойш сэврээхээр олигтой нар гараагүй болохоор сэвэрч хатсан юмгүй харин ч оруулж гаргаж, гэнэт асгарах борооны чийгэнд улам л чийг дааж байлаа. Гэрийн хаяаны горхи үерлэж, усны гуталтай хүн болоод хөрш Дулмаад гайхуулах гээд усруу давхиад орчихсон чинь гутлын түрүү давж өмд, оймс тэр чигтээ норчихов. Үнэндээ өмсөх зузаанхан хувцас сургуулийн дотуур байранд байгаа болохоор ээжийн хэдэн дээлийг эс тооцвол хүйтэн, нойтонд өмчихсөн дулаан хувцас ч байсангүй.
Зүсэрсэн бороо дахин хоёр, гурав, дөрөв, цаашлаад хэд хоног үргэлжлэх юм бол өглөө иддэг өрөм байхгүй болж, чийгтэй хувцас л өмсөх шинжтэй болох дэг шүү. Гуйя, бороо минь чи одоо зогсооч...

2017 оны 06 сарын 6
Хөххот

Comments