“ХӨХ ТАРИАН ТАЛБАЙН ИРМЭГТ”---ХӨНГӨН ХЭРНЭЭ ӨГӨӨЖТЭЙ

Америкийн зохиолч Жером Селинжерийн “Хөх тариан талбайн ирмэгт” зохиолыг уншиж эхлээд яг л барууны кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөв. “Хөх тариан талбайн ирмэгт” энэхүү орчуулгын бүтээл О.Чинзоригийн орчуулгаар Монгол уншигчдад хүрэхдээ уншигчийн толгойг эргүүлсэн урт өгүүлбэрээр үргэлжлээгүй нь нэг талаар уншигч надад зохиолыг сэтгэлдээ төсөөлөн унших урам хайрлав. Тэр хэрээр өгүүлэх гэсэн санаа нь сэтгэлд их хүрлээ. Мэдээж зохиогч Жером Селинжерийн бичлэгийн онцлогтой холбоотой. Гэхдээ л орчуулгын бүтээлийн хувьд үнэхээр гайхалтай бүтээл болжээ.
Зохиолын гол баатар Холден Колфилд. Зохиогч Холден Колфилдын дүрээр тухайн үеийн өсвөр насны Америк хөвгүүд нийгэм, сэтгэлзүйн орчноос ирж буй асуудлуудыг хэрхэн даван туулах гэж оролддог, тэдний найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгчид, гэр бүлийнхэн хоорондын харилцааг энэхүү бүтээлийн гол дүрээс төлөөлүүлэн харуулахыг зорьсон болов уу?.
Холден Колфилд бол өөрийгөө олох гэж яваа өсвөр насны хөвгүүн. Гэхдээ түүний аливаад хандах хандлага нь бусдаас арай л өөр. Ямартай л хайртай дүү Фибигийнх нь хэлдгээр “Чамд ер нь юу ч таалагдаггүй шүү дээ”----тийм л хүү. Гэсэн хэрнээ Холден Колфилд маш их аймхай, дүүдээ их хайртай. Ер нь бол өөрийн гаргасан шийдвэртээ тууштай алхам хийдэг, зоригтой дүр. Ямартай л гэр бүлийнхэнээсээ хол очиж ажиллана, гэрлэнэ гэх зэрэг өөрийн бодол санаандаа ургуулсанаа бодит болгохын тулд өлсөж, ядрахаа үл мэдэн явсаар эцэстээ сувилалд хэвтэх хэмжээнд хүрэхэв...
Үргэлжилсэн үгийн томоохон хэлбэрийн бүтээлүүд өөрийн дүр, үйл явдлаараа уншигчдад танин мэдэхүй, түүхэн мэдээлэлийг уран сайхны аргаар өгдөг. Харин “Хөх тариан талбайн ирмэгт” уншигчдад мэдээлэл өгөх гэж ядсан зохиолчийн мэдээлэл, уран сайхан хоёр холилдож, уншигчийг төөрөгдүүлэх зорилго тавиагүй, их хөнгөн бичигдсэн зохиол санагдлаа. Тэр хэрээр уншаад дуусахад эргэцүүлэх олон асуултыг уншигч надад үлдээлээ. Үүгээрээ хөнгөн, хэрнээ хүнд өгөөжтэй зохиолын тоонд зүй ёсоор орох буйзаа...
Номноос авах зүйл:
                 Бичихийн хувьд: Хөнгөн бичиж сур
               Орчуулгын хувьд: Сунжирсан урт өгүүлбэрээс богино өгүүлбэр чухал

Comments