Зигмунд Фрейдийн “Өдөр тутмын амьдрал дахь сэтгэцийн
өвчнүүд” 1900 оны эхэнд бичигдсэн номыг хятад хэлээр уншснаас хойш сэтгэл
судлалын шинжлэх ухааны үндэслэгч З.Фрейдийн амьдралын талаарх номнуудыг унших
сонирхолтой болов. Сургуулийн номын сангийн өрөөстэй номнуудыг харахаар ямар
азаар хятад хэл сурах боломжтой болов оо гэдэг бодол толгойд минь орж ирдэг болсон
юм. Хятадын засгийн газрын тэтгэлгээр Өвөрмонголын Багшийн их сургуульд
суралцахаар ирэхдээ сайн байна уу? ч гэж хятадаар хэлж чадахгүй байсан үеэ
бодвол өнөөдөр би хятад хэлийг амьдралаасаа салгаж ойлгож чадахааргүй болтлоо
хятад хэлэнд сонирхолтой болжээ. Ингээд хэл суралцахаар зэхэж, магадгүй цаг
гаргаж чадахгүй байгаа хэрнээ байнга л дотроо хэл сурах юмсан гэж бодож яваа
эсвэл сурах аргаа нэг л сайн мэдэхгүй байгаа залуусдаа зориулж хятад хэл
суралцаж байгаа туршлагаасаа хуваалцая.
Өдөр бүр оролд, цаг гарга.
Кино үзэж,
хөгжим сонс. Хятадад байгаа оюутнуудын хувьд мэдээж орчинд нь байгаа
болохоор гараад л хятад хүнтэй харилцах, хятад суваг үзэх гээд хятад хэлнийхээ
чадварыг дээшлүүлэх боломж маш их. Харин Монголд байгаа хятад хэлийг сурахыг
хүсч буй залуусдаа хэлэхэд 优酷, QQ
Music гэх мэт апплекшнуудыг санал болгоё. 优酷- апплекшн дээр
олон ангит кино, оддын оролцсон нэвтрүүлэг гээд хүний сонирхол татах олон зүйл
тавигдсан байдаг. Утсан дээрээ татаад авсан байхад заавал интернет байхгүй
байсан ч үзэж болдог. Хөгжим сонирхдог бол QQ Music их зүгээр. Дуунуудаа татаж
аваад, үгийг нь орчуулж, хэлний мэдлэгээ сайжруулж болно.
Ном унш.
Бичлэгийн эхэнд дурдсанчлан хамгийн хэл сурах хамгийн сайн арга бол тухайн хэл
дээр нь ном унших юм шиг байгаан. Өөрийн мэргэжлийн дагуу эсвэл өөрийн
сонирхлын дагуу. Хэрвээ эхэн үедээ ямар ном унших аргаа олохгүй байгаа бол
жижиг өгүүллэгийн ч юм уу, үлгэрийн номнууд их зүгээр. 普通话 (нийтлэг
хятад хэл) анхлан
суралцагчдын хувьд ном сонгохдоо хэзээ хэвлэгдсэн, хаана хэвлэгдсэн гэдгийг нь
анхаарах хэрэгтэй санагдсан. Хэрвээ Тайваний юмуу, Хонгконгийн зохиолчийн
бичсэн нэлээд дээр үеийн ном сонгочихвол нийтлэг хятад хэлээр бишээр манайхаар
бол нутгийн аялгаар бичигдсэн байдаг юм билээ. Миний хувьд анх хятад хэл дээр
ном уншихдаа гол гол санаануудаа тодруулагчаар зураад явдаг байсан бол сүүлдээ
тийм ч тэмдэглэгээ хийхээ больсон. Би анхнаасаа мэдэхгүй ханз таарвал
тольддоггүй байсан. Харин мэдэхгүй ч гэсэн унших болгонд таардаг ханзнууд
аяндаа нүдэнд тогтоогдож, нэг санасан үедээ тольдоод дуудлагыг нь тогтоочихдог.
Гэхдээ анхлан суралцагчдын хувьд ханз бичих нь зүйтэй санагдсан. Гар зүгшрэхээс
авахуулаад, ханз тогтохдоо ч сайн. Хэрэв
та анхлан суралцагч бол эхний ном уншихад ойлгох хувь нь бага байх нь тодорхой
гэхдээ хэзээ ч битгий уншихаа зогсоогоорой. Нэг дэх, хоёр дох номын дараа нэг л
мэдэхэд номны цөөнгүй хувийг уншаад ойлгодог болно.
Ярь. Орчинд
байгаа хүмүүсийн хувьд бол ярих тийм ч их асуудал биш, юм худалдаж авах,
багштайгаа уулзах гэх мэтээр гараад л ярих хэрэгцээ гарна. Харин Монголд байгаа
хүмүүсийн хувьд ярилцах боломж төдийлөн их биш нь тодорхой. Гэхдээ л хэрэв ярих
боломж, бололцоо олдож л байх юм бол зөв ярьж байна уу? буруу ярьж байна уу?
гэдэгтээ эргэлзэлгүй яриад байх хэрэгтэй. Хараад байхад гадаад хэлээр ярихад
зөв болов уу? буруу болов уу? гэх эргэлзээгээ дарж, өөртөө итгэлтэй байх
хэрэгтэй юм шиг санагдсан.
Хятад гэлтгүй аливаа хэлийг өдөр тутам суралцах дадалд
суралцах нь хамгийн зөв арга гэдгийг дахин онцлон хэлье. Гадаад хэл сурахад
цаана нь өмнө нь хэзээ ч мэдэж байгаагүй шинэ ертөнц, хаалга нээгдэж байдгийг
мэдрэх тусам улам л хэлнийхээ чадварыг сайжруулахыг хүснэ...
Баярлалаа. Сайхан зөвлөгөө байна.
ReplyDelete