Онгорхой цонхны
гаднах чимээг чагнан суухдаа яг одоо ингээд сууж байхаа хэзээ ч төсөөлөөгүй
жижигхэн биетэй хэрнээ жигтэйхэн их хүсэл, эрмэлзлэл өөртөө тээсэн хэний ч үл
мэдэх, өтгөн үсээ хоёр хуваан шүлжсэн охиныг нүднээ харлаа. Орчлон хорвоогийн
утга учрыг үл мэдэх хэрнээ ирээдүйд л бүх зүйл сайхан болно гэж итгэсэн тэр
жижигхэн охин радио сонсож, телевиз үзэж, сонин захиалан уншиж, бичигхэн
тэмдэглэлийн дэвтэртээ өөрийнхөө бүх л ертөнцийг багтаана. Радиогоор сонссоноо
нүдээр үзсэн юм шиг төсөөлж, телевизээр үзсэнээ яг тулаад харсан юм шиг бодож,
өөрийн гэсэн ертөнцийг бий болгохдоо гоё харагдсан, гоё ярьсан, хичээл зүтгэл
гаргасан хэн бүхнийг үлгэрлэн тэрэн шиг л хүн болно, тэгээд зурагтаар гарна гэж
гэгээхэн мөрөөдөл тээнэ. Тэрхүү мөрөөдлөө өөрийнхөө ертөнцөд биежүүлэхдээ
байгаа цаг хугацаандаа биш ирээдүйд очиж, хүсэл мөрөөдөлөө хүнгэнэтэл ганцаараа
ярина. Ганцаараа ярьж байгаагаасаа ичих ч үгүй, эгээ л хүнтэй ярьж байгаа юм шиг.
Аргагүй дээ аль багаасаа л уулан дээр очоод ганцаараа гэр барьж гараа сайрттал
тоглодог байсан юм чинь...
Тэр жижигхэн
охин өнөөдөр юу хийж байгаа вэ? Тэр их мөрөөдөл нь биелэсэн үү? гэж уншигч
авхай та гайхаж магад. Сайхан бүхний эхлэлийг хотын амьдралаар төсөөлж, сайхан
бүхний үндсийг эрдэм мэдлэгтэй, ухаалаг, царайлаг хүмүүсээр төсөөлж байсан тэр
жижигхэн охины хүсэл лавтай мянга дахин биелэсэн. Хэдий мөрөөдөл нь хэдэн мянга
дахин биелэсэн ч одоо түүнд жижигхэн охины бус жинхэнэ амьдралын хүсэл мөрөөдөл
бий болсон. Хүсэл мөрөөдөл нь түүнийг унших дуртай, үзсэн харснаа үгээр
илэрхийлэх дуртай болгосон. Хүсэл мөрөөдөл нь түүнийг сууж сургасан, хүсэл
мөрөөдөл нь түүнийг хүний амьдралын эрээн бараан, аз жаргалд хөтөлж, хүнтэй
харилцах харилцаанд сургасаар. Хүсэл мөрөөдөл нь түүнийг үнэн явах, шударга
байхыг сануулсаар...
Хүсэл мөрөөдөл
ямар ч төвөггүйгээр сэтгэлийн амар амгаланд автуулдаг бол аливаа зүйлийг
эхлүүлэх, суралцах, хүнтэй харилцах гээд бүх л зүйл хэзээ ч дундаршгүй их далай
байдгийг жижигхэн охины хүсэл мөрөөдлөөр биш өнөөдөр жирийн бүсгүйн нүдээр
ухаарч байна.
Мөрөөдөл үнэхээр хүчтэй, гэхдээ зүгээр суугаад
мөрөөдөх биш мөрөөдлийнхөө төлөө хүчин зүтгэл гаргадаг хүний мөрөөдөл нь алхам
алхмаар биелдэг гэдгийг тэр жижигхэн охин мэддэггүй байсан ч тэнхээ заан юуг ч
үл хайхран зогсолтгүй зүтгэсээр өнөөдрийн цонхны чимээ чагнан суух бүсгүй болжээ.
Тэр жижигхэн охины захиас “Хэрэв нэг
зүйл эхлүүлсэн бол хийхээр зориглосон бол ямар ч саад бэрхшээлд хэзээ битгий
зогсоорой. Зогсолтгүй...”
Хөххот
2017 оны 05 сарын 7
Comments
Post a Comment