МАЛЧ ХҮҮХЭД

Өөрөөсөө томдсон цүнх үүрсэн жижигхэн охин ганцаараа ярин хойш алхана. Хаашаа явж байгааг нь таахад хэцүү ч түүнийг хамгийн жаргалтай болгодог тэр газар луу явж байгаа бололтой том том алхана. Энэ жижигхэн биенээс гарах уу? гэмээр том алхамтай юмаа гэж бодох зуур Тунгаа өөрийгөө хаашаа явж байгаа билээ гэж санаашран зогсов. Нэг км хэртэй хол урд нь алхаж буй жаахан охины цасан дээр гаргасан мөрийг даган алхаж явсаар энд ирсэндээ өөрийгөө гайхсан ч дотроо хэдэн минут алхчихлаа гэж шивнэв.
Хаврын урь орж, жавар тачигнахаа больсон болохоор агаар салхинд гарч орохгүй бол өдөр өнгөрөх шинжгүй болжээ. Тунгаа гудамны хамгийн арын эгнээнд байх жижиг хашааныхаа үүдэнд зогсож байсан чинь цагаан нөмрөг нэмэрсэн их талын голд хар толбо адил нэг зүйл харагдах нь лавтай хүн болж таарав. Тэр сониуч зандаа хөтлөгдөн хүн явж буй зүгт алхсаар мөрийг нь олж араас нь алхсаар ийнхүү зогтуссан нь энэ байж. Урьд нь энэ замаар мөн ч их алхдаг байж дээ гэж бодохдоо нутаг алгасан нүүсэн аав, ээжийгээ санав.
Тунгаагийнх эндээс холгүй байдаг болохоор амралтын хоёр өдөр гэрлүүгээ алхаад л оччихно. Аав, ээж нь ч хүүхдүүдээ эргэж ирэхдээ төвөг орохгүй алхаад л ирчихнэ.
-       Унаа мотоциклтой байж ээж минь ааваар хүргүүлээд ирэхэд яадаг юм гэхээр ээж
-       Аав чинь малдаа яваг. Энэ хоёрын хооронд алхахад юу байхав гэнэ.
Энэ жил нутагт зуд болно гэсэн сургаар Тунгаагийнх сум алгасан оторлохоор яваад нүүж ирээгүй байгаа юм. Тийм болохоор Тунгаад хавар болж байгаа ч гэсэн нэг л сэтгэл дундуур байлаа. Хавар гээд л бодохоор төлийн дуу хотонд цангинаж, өвөлжин зузаалсан хувцсаа нимгэлж, өөрийн эрхгүй хөл хөнгөрөөд ирдэгсэн. Хэдэн ишгээ ээжид нь хөхүүлчихээд эм ямаагаа тэжээх үүрэг жил жилийн төлний амралтаар Тунгаад ноогдоно. Тэжээлээ зуурч, өвсөө бэлдчихвэл Тунгаагийн хувьд өглөө, оройныхоо хамгийн том ажлыг бэлдчихлээ л гэсэн үг. Ховоогоо шүүрдэж цэвэрлэхийн зуур ямаанууд энд тэндээс бужигнан гарч ирээд мөргөлдөөд хааяа ч мөн зовлонтой шүү гэж бодохдоо Тунгаа гэхдээ л ямаа хамгийн ухаантай амьтан юм шиг байгаа юм. Намайг бол манай хэд андахгүй шүү дээ гээд ганцаараа инээв.

Тунгааг гэртээ ирэхэд дүү нь хичээлээсээ ирчихсэн байлаа.
- За Амараа гуай хичээлээ хийгээрэй дээ одоо улирлын шалгалт дөхөж байна. Тэгэж байтал гэр нүүгээд ирчихвэл чи хонины хотноос л хичээлд явах болж таарна. Юун хичээл хийх цаг л болно шүү дээ гэсэн дүү нь
- Хэдэн хурга ишигтэйгээ ноцолдоод л хавар өнгөрчихдөг шүү. Хоёулаа нээрээ нэг жил гэр сахиад ишигнүүдээ бараг бүгдийг нь үхүүлснээ санаж байна уу? гээд ход ход инээв.
- Саналгүй яадгийн чи л надад хурга ишиг барьж өгөөгүйгээс болж би угжаагүй. Тэгсэн чинь маргааш нь баахан ишиг үхчихсэн байсан тээ. Ээж аав тэрийг мэдсэн бол ёстой алуулах байсан даа тээ гэсэн
- Та угжаагүйгээс л болсон ш дээ. Ер нь ээж, аавд хэлнээ гээд дүү нь дэвтрээ дэлгээд суулаа. Амараа, Тунгаа хоёрын хооронд ийнхүү нэг бол мал нэг бол сургууль дээр болсон явдалтай холбоотой яриа өрнөнө. Багаасаа малд элэгтэй өссөн болоод ч тэр үү Амараа жаахан дургүй нь хүрээд ирвэл
- Би ер нь мянгат малчин болноо. Урд амны Баяраа ахын Туяаг эхнэрээ болгож аваад гээл ярьж өгнө.
Тунгаа энэ өдөр хичээлээсээ ирээд сурсан зангаараа даалгавраа хийчихээд хашааныхаа хаалган дээр гараад зогсоод арагшаа саравчлан харлаа. Тэдний хаваржаа тал газар байдаг болохоор ойролцоох адуу мал харлан харагддаг юм. Гэрийн бараа, хүн холхиж байгаа хөдөлгөөн, суунаглах утаа лав харагдахгүй байна гэж бодохдоо манайх хэзээ нүүж ирэх болж байнаа ингэсээр байтал мал төллөөд дууслаа гэж үглээд гэртээ орлоо. Тунгаа ном уншиж хэвтэж байгаад хэсэг унтчихаж. Зүүдэнд нь ээж, аав хоёр нь – эвий эвий, миний охин. Хичээлээ хийж, дүүгээ хараад ядарчихаж гэж ярьж байгаагаар орж ирэв. Цочих шиг болоод нүдээ нээвэл ээж нь галынхаа урд суугаад галыг нь түлж, ааваа нь гаансаа сорон сууж байв. Зүүд биш байсанд Тунгаа ихэд баярлаж, ийнхүү хэдэн ямаагаа тэжээх ажилдаа ороход бэлэн болсондоо урам зориг оров. 


Хөххот
2017 оны 04 сарын 6

Comments