ҮҮРГЭВЧЭЭ ҮҮРЭЭД АЯЛАЛД МАРШ

Далайн боомт түшиглэсэн Цингдао(青岛)  хот: Үүл бүрхэж, тэнгэр бүүдийсэн ч далайн сэрүүхэн уур амьсгал үлээсэн Цингдао(青岛) хот. Барууны киног сануулах шиг шовх оройтой өндөр барилга, хөгшин Европыг санагдуулах гудамж талбай, зах нь үл харагдах их далайн эрэг дээрх хот. Энэ бол БНХАУ-ын Шандун мужийн (山东省)Цингдао(青岛) хот. Далайн боомт түшиглэж худалдаа эрхэлдэг, ДНБ-ээрээ Шанхай, Тианжин гэх том хотуудын дараа ордог, Хятадад хамгийн анх далайн боомтоороо худалдаа эрхлэх болсон гээд энэ хотын тухай онцлох зүйл нэлээд олон. Мэдээж цингдао пиво(青岛啤酒)-г энэ хотын онцлогт оруулан дурдах хэрэгтэй. Далайн боомтгүй манай улсын аялагчдын хувьд далайн эрэг дээр очиж, байгаль дэлхийн бас нэгэн гайхамшигийг харна гэдэг нэгэн нээлт байх нь дамжиггүй. Тийм ч учраас аялалд гарахаар тэр дундаа Хятад улсын муж, хотуудаар аялахаар төлөвлөж буй хэн бүхэнд Цингдао(青岛) хотыг санал болгоё.


Далайн эрэг түшиглэн төлөвлөгдсөн хот болоод ч тэрүү далайн эргийн ойролцоо аялагчдад зориулсан бүх л үйлчилгээ байна. Буудал, дэлгүүр, далайн гаралтай хоол. За тэгээд хамгийн хямдхан тээврийн хэрэгсэл метро. Бээжин, Шанхай зэрэг том хотыг бодвол метроны чиглэлийн учрыг нь олоход маш амархан. Вагон вокзал нь ч мөн метроны буудалтайгаа зэрэгцэн оршино. Усан боомтоор барууны орнуудтай харилцдаг болохоор ч тэрүү барууны соёл нэлээд нөлөөлсөн болов уу гэлтэй барууны кинон дээр гардаг гудамж, талбай, барилгыг энэ хотоос хараад европыг зорих чин хүсэлд дарагдсаар дараагийн хотын аялалдаа гарлаа.
Орчин үеийн барилгын шинэ шийдлийг мэдрүүлэх Тианжин (天津) хот: Орчин үеийн барилгын шинэ шийдлийг жинхэнэ утгаар нь харуулсан хот гэвэл Тианжин (天津) хотыг нэрлэх ёстой юм болов уу?. Шилэн барилгын шийдэл, хотын төвийн Хайя гол(海河)-ын дээрх олон гүүрнүүд түүнд түшиглэсэн усан завины бизнес. Голын усанд гэрэлт гүүр тусж, шилэн барилганы гэрэл голын усанд ойх нь байгаль эх хийгээд хүн төрөлхтний хамтын бүтээлийн гайхамшгийг харуулж буй мэт. Товчхондоо хэлэхэд шөнийн Тианжин (天津) хотыг усан завиар туулахад л энэ хоттой танилцаж, хөгжлийн түвшинг нь харж чадна.

Үзэж сонирхож, сэтгэл оюунаа баясгасан хоёр хотынхоо онцлогоос товчхон өгүүлсэн бичлэгээ үргэлжлүүлэн аяллын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцая. Саад бэрхшээл тулгарч, хэцүү үе байх ч тэр бүгдийг үл хайхран дэлхийг тойрон аялаж буй аялагчид яагаад бүгдийг үл хайхран аялаад байдгийг энэ удаагийн аяллаар илүү ихээр мэдэрлээ. Яагаад гэвэл хүн өөрөө аяллаа зохиогоод, өөрөө хонох газраа олоод, хоол ундаа зохицуулаад, яг тухайн нутаг орны хүмүүсийн ахуйтай танилцаад явбал хүн маш их шинэ зүйлийг мэдэрч, илүү цаашаа явах эрч хүч авдаг юм байна. Гадаад улсад аялаж буй аялагчдад тулгарах хамгийн том бэрхшээлийн нэг бол байрлах газар. Өөрийн туршлагаас хуваалцахад хэрэв та Хятад улсад аялахаар зэхэж буй бол Хантинг(汉庭连锁酒店)сүлжээ буудлыг санал болгож байна. Энэ буудлын үнэ харьцангуй хямд хэдий ч орчин цэвэрхэн, үйлчилгээ сайтай юм билээ.

Үүргэвчээ үүрээд аялалд гарсан өдрүүдээ эргэн дурсахуйд сэтгэл баясаж, шинэ газар үзэж догдолсон мөчүүд минь нүдний өмнө зурайна...

Comments