НАМРЫН ТУХАЙ ХАВАР ТӨРСӨН БОДОЛ

Зэврүүн салхитай намрын борооны дараа сулхан уясан өрх дэрчигнэж, гэрийн хаяагаар сэрчигнүүр салхи сэвэлзэнэ. Сэтгэлд төрсөн хөнгөхөн гунигаа үгүй хийж, шинэхэн сэрмээр санагдавч ч хийх юмаа олж ядна. Баруун талын орон дээр бөх гэгч нь унтаж буй ахыг хараад унтахаар хэвтэхэд бодолд төрсөн хөнгөн гунигтаа уягдаж дэмий л унь ширтэн хэвтэнэ. Энэ л үед бушуухан том болоод түм түжигнэж, бум бужигнасан олон дунд ормоор санагддаг байж билээ.
Гэрт гиюүрч хэвтэж байгаад гарахад шинэхэн орсон борооны үнэр хамар цоргих ч бүрхэж бүүдийсэн тэнгэр сэтгэлийг минь үл засна. Өвсний толгой салхинд намирч дайвалцахтай зэрэгцээд өмнө зүгийн салхи хацрыг минь илэхэд өнөө л хөнгөхөн бодол дотор минь эргэлдэж, өөрийн эрхгүй уртаар санаа алддагсан. Салхины исгэрээн чихнээ тодроход сайхь уулын хярд бэлчсэн малын дүрс бүдгэрэн санаа дагаад ч тэр үү эргэн тойрны бүх хүн бодолд дарагдсан мэт харагддагсан. Үе үехэн иймэрхүү хөнгөхөн гуниг тээхдээ үеийнхэн минь өдийд телевиз саадгүй үзэж, амралтаа найзуудтайгаа зусланд өнгөрөөж мөн ч хөгжилтэй байгаадаа гэх битүүхэн атаархал төрдөг байж билээ. Харин одоо бодоход яг л тэр үед эргээд очдогсон бол нам гүмхэн хөдөө талынхаа үзэсгэлэнг үгээрээ буулгаж, үнэ цэнэтэй хэдэн ном дэлгээд өдөржин уншаад хэвтэнэ дээ гэх бодол төрж байна. Байхгүй зүйл үнэ цэнэтэй байдаг болохоор ч тэрүү хөдөөгөөс холдсон он жилүүдээ санан үгүйлдэг болж...
Хаврын хавсарга тачигнаж, хүйтэн бороо хаялсан Хөххотын тэнгэр доор алхаж явахад шинэхэн орсон борооны үнэр хамар цоргих нь тэртээх намрын өдрүүд адил сэтгэлийг минь хөнгөхөн гунигт автууллаа.
Хөххот

2017 оны 04 сарын 20

Comments