Бидний багад манай хотноос аль нэг
айлынх нь хүн хот хүрээ, аймаг явах, цэрэгт хүү нь мордох, есдүгээр сарын нэгэн
болж хичээл сургууль эхлэх гээд онц онц явдлууд хотныхонд амаас ам дамжин
тархаж хаа нэг тийшээ явахаасаа өмнө заавал ахмад настнууддаа орж хаашаа явах
тухайгаа дуулгаж сургаал юуг нь сонсдог байв.
Манай хот ахмад, залуу нийлсэн арав гаруй
гэрээрээ нутгийн иргэд Хайрхан хэмээн нэрлэсэн өндөр уулынхаа бэлд өвөлжиж,
хавар, намар, зуны улирал ус даган бэллэн нүүдэллэдэг байв. Хотныхны хамгийн
ахмад настай нь Самбуу өвөө. Тэрээр 80 насны босго алхаж яваа хэдий ч алхаа
гишгээнийх нь хурд саараагүй аанай л 60 дөхөж яваа болов уу гэлтэй хөнгөн
шингэн нэгэн байлаа. Би л хувьдаа жил жилийн цагаан сараар Самбуу өвөөгийнд
хурдан орох юмсан гэж яардаг байв. Самбуу өвөөгийн хоёр хүү нь сургууль соёл
хөөн хотод амьдардаг байсан болохоор аав, ээжийнхээ баярын ширээний чихэр,
печень, бэлэгний жижиг сажиг зүйлсийг бэлдэн явуулна. Эрэгтэй хүмүүс гэхэд
хүүхдэд сонгосон бэлэгний сонголт их мэдрэмжтэй. Тухайн үед охидын авахыг
хүсдэг байсан жижиг эрвээхэй хавчаар, аалзан хавчаар, шивээстэй бохь гээд их
нарийн нандин зүйлсийг Дулам эмээ гарт минь атгуулдаг байж билээ.
Дулам эмээ Самбуу өвөө хоёр хааяа их
жижиг юмнаас болж ам муруйна. Нэг удаа би Самбуугийн өвөөгийнд шинэ хонины
гэдэс амсуулахаар орлоо. Өвөө гэрийнхээ хойморийн арслантай авдрынхаа урд
суучихаад урт гаансаа сорж, хэн орж байна гэсэн янзтай духуйн харахдаа
- За
Баяраагийн амь шар охин хаа хүрч явна гэхэд Дулам эмээ үгийг нь өлгөж аваад
- Хүүхэд
орж ирж байхад хаа хүрч явна байхдаа яадгийн. Адайр өвгөн минь сүүлдээ хүүхэд
орж ирэхээ болино шүү гэснээ
- Миний
охин орон дээр суу гээд инээд алдлаа. Дулам эмээ орны гудсаа онгичиж онгичиж
түлхүүр түжигнүүлэн гаргаж ирээд арслантай авдрынхаа урд суулаа. Би мөн ч зөв
айлд орж ирсэндээ дотроо баясаж Дулам эмээ ямар чихэр өгөх бол, нөгөө цагаан
сараар өгдөг эрвээхэйтэй хавчаараа өгөхгүй л байгаа даа гэж бодоод амжлаа. Тэр
өдөр Дулам эмээ гэдэсний тавганд гурван ширхэг баавгайтай чихэр хийгээд гарт
минь их гоё зурагтай нусны алчуур атгуулсан юм. Би ч хэдэн өдөр тэнгэрийн умдаг
атгасан мэт хотныхоо хүүхдүүдэд гайхуулж, гартаа үнгэж явсаар өнгийг нь
алдуулаад орхисноо санадаг юм.
Самбуу өвөөгийн
зүүн урд байрлах хар беражакан бүрээстэй жижиг гэрийн эзэн нь Амараа ах. Амараа
ах гарын уртайгаараа сумандаа төдийгүй аймагтай гайхагддаг болохоор гэртээ
тогтох нь тун цөөн. Амараа ахын гэргий Цэрмаа эгчийн дуу хотын аль ч захаас
цангинадаг бөгөөд бидний үеийн дэрсхэн хэдэн охидыг тугал, хурга эргүүлэхэд
дайчилчихаад хэвийн ааруул, хэлхээ бяслагаараа гар цайлгаж
- Эгч нь
сумын төв ороод ирэхээрээ дүү нартаа чихэр авчирч өгнө гэж амлалт өгнө. Бид
Цэрмаа эгчийн амлалтыг мартаад сар гаруй заримдаа бүр хоёр сарын хугацаа
өнгөрсний дараа биднийг дуудаж гэртээ жагсаан зогсоож байгаад Дувдангийн Нараа,
Баяраагийн Золоо гэх мэтээр овог нэрээр дуудан атга атга чихэр авч өгдөг байв.
Цэрмаа эгч ийнхүү охидуудыг гэртээ дуудаж авчраад гэрийнхэдийг нь сонин сайхныг
хуваалцаж, дүнгэр дангар ярилцаж суухдаа нүднээс нь гэрэл цацраад, хацар нь үл
ялиг ягаарч, тас тас хөхөрдөг байж билээ. Нэлээд ухаан суусныхаа дараа ээж
хамаатны эгчтэй
- Манай
Цэрмаа чинь хоёр ч охин төрүүлээд тогтоогүй юм. Тэгээд ч тэр юм уу энэ хотны
охидод их сайн. Байдгаа барьчихдаг юм. Хөөрхий минь элэг нь эмтэрч л суудаг
байхдаа гэж ярьж байхыг сонсоод Цэрмаа эгчийг маш их өрөвдөж билээ.
Тэднийхдээс гадна Долгор эмээгийнх,
Дувдан ахынх, Дувдан ахын хүүгийнх гээд манай хотныхон амь нэгтэй одоогийн
хэллэгээр бол хамт олон байсан санагддаг юм. Ямартай л аавыг хот явж ноолуураа
борлуулахаар явахад барагтай л гэрээс гараад байдаггүй Самбуу өвөө хэрэг болгон
манайд орж ирээд
- За тэр
хотын ченж менж хийдэг хүмүүс чинь их айхтар санаатай гэж манай хүүхдүүд ярих
юм билээ. Баяраа минь болгоомжтой яваарай болохгүй бол ахынхаа хүү лүү ярихгүй
гээд өврөөсөө шарлаж, эдлэгдсэн дэвтэр гаргаж ирээд ээж лүү сарвайж
- Алив
хүүхээ энд нөгөө утас чөрмөснийх нь дугаар байгаа бичээд Баяраад өг гэж байсныг
би одоо ч гэсэн санадаг юм. Нар салхинд гандаж, насны эрхээр үрчийсэн царай нь
өтөлсөн харагдах хэдий ч хүн чанараа хадгалсан тэр л буурлуудыг одоо хэр нь амьд
байгаа мэтээр санаж, сургаал, буюныг нь дааж явахсан гэж боддог юм.
Дулам эмээ тэр жилийн хичээл орохын
өмнөх өдөр таягаа үл анзааран сэб сэб хийсээр манайд орж ирж суухдаа
- Ашгүй
хүүхдүүд яваагүй байж таарлаа. Түрүүн гарахад Баяраа морь эмээллээд байхаар нь
танайд ирье гэж бодож байтал хөгшин чавганц гэрт ороод л мартаж жаахан
дугхийгээд сэрэхдээ хүүхдүүд явчихсан болов уу? гэж санаад эмээ нь яаран гарч
ирлээ гээд хөлсөө арчин сууж байхав. Дулам эмээ цагаан даавуунд хэдэн ширхэг
хурууд хийгээд хэлхээтэй бяслаг боосон байлаа. Дулам эмээгийн өгсөн ааруул,
бяслаг дотуур байрны бидэнд хоёр гурван өдөр цайндаа хүлхэж идэх хамгийн амттай
хоолны нэгд зүй ёсоор ордог байв. Ийнхүү миний бага нас олон хүний сайхан
сэтгэл, хүн чанар дунд өссөн болохоор өөрөө ч гэсэн тэдний нэг байхсан гэж
сүүлийн үед илүү эхээр бодогдох болов.
Дулам эмээ
- Баяраагийн
амь шар багш болох хүн дээ гэж дандаа ярьдаг байсан бол өнөөдөр би үнэхээр багш
болж түмний олон хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж явна. Бага насны он
жилүүдэд Самбуу өвөө яг 80 насандаа зогсож, Дулам өвөө бидэнд өгдөг гоё зүйлсээ
насан туршид минь өгч, Цэрмаа эгч манайд ороод ир гэж хаалгаа шагайж байгаад
дуудаж, амралтын өдрөөр аав сумын төвөөс авч, ээж ааруул, ээзгийгээ өөрөө ч
идэлгүй надад л хадгалж байх юм шиг ер нь орчлон хорвоогийн зүйлс өөрчлөгдөхгүй
юм шиг л төсөөлж явж дээ. Гэтэл өнөөдөр Хайрхан уулын аманд тухайн үедээ л
хамгийн залуу айл байсан Дувдан ахын хүүгийнх, тэдний хүү Амгалангийнх хоёр
өвөлждөг болсныг өнгөрсөн өвөл ажлын шугамаар нутаг дайран өнгөрөхдөө мэдэж
цагтаа бужигнадаг байсан өвөлжөөнийхөө хар бууцыг харахад сэтгэл минь зурах шиг
болж билээ.
Дувдан ахын хүү Аюур ах намайг мэндийг
нь мэдэн гарахад
- Баяраа
ахын амь шар гэж ирээд хотныхныхоо тухай дурсахдаа хоолой нь зангирахыг би
анзаарч суулаа. Дувдан ахын хүү Аюур ах өндөр, бор царайтай, ширүүн хар
сахалтай, байнга л морин дээр давхиж байдаг эрэмгий зоригтой, нэг газраа тогтож
суудаг болов уу? гэж бодмоор л догшин ах байсан чинь өдгөө 50 насны сүүдэр
шүргэж яваа тохь сууж тэр ч бүү хэл өвөө болоод амжсан байлаа.
Цаг хугацааны
эргүүлгэнд үсээ хоёр сүлжиж, үнээ эвэлгэж явахдаа өөрийгөө их том хүн болчихсон
юм шиг бодож явсан гэнэхэн бага нас минь Хайрхан уулынхаа нөмөрт, хотныхоо
хөгшчүүлийн дундаа л үлдснийг тэр л үед эргэн санаж санаа алдахдаа, нулимсаа
барьж дийлсэнгүй.
Хөххот
2017 оны 04 сарын 17
Comments
Post a Comment