ТҮҮХЭН ТУУЖИСЫН ТАЛААР ТОВЧХОН

Дунд ангид орсноос хойш сургуулиас тавьж өгдөг номнуудаас хамгийн түрүүнд уранзохиолын номыг уншаад дуусгачихдаг байж билээ. Ямартай л хавар номоо буцааж өгөхөд миний хэрэглэсэн ном дэндүү их эдэлгээ эдлэсэн нь ялгарч харагдана. Утга зохиол намайг ингэж л багаас минь өөртөө дурлуулжээ. Тиймээс ч заримдаа утга, уранзохиолын чиглэлийн хүн болсон бол цалгардаж, хоёрдохгүй мөн ч амжилттай байна байхдаа гэх бодол хааяахан орж ирдэг юм. Өөрийн хүсэл сонирхлоо дагаж, утга уран зохиолд гүн нэвтрэхийн тулд уранзохиолын ном унших дадалтай болж өөрийгөө тайвшруулж, сэтгэлээ баясгадаг болоод нэлээд хугацааг өнгөрөөжээ.

Эхлээд ном уншихдаа гоё ном гэж сонсоод эсвэл алдартай зохиолч бичсэн гэдгээр нь уншиж байсан бол одоо надад заавал алдартай зохиолч бичсэн, олонд хүрсэн зохиол унших юмсан гэсэн бодол төрөхөөсөө илүү олон өөр зохиолчдыг бүтээлээр нь таних юмсан гэсэн бодол төрдөг болчихож. Мэдээж энэ бол уншигчийн хувьд тодорхой хэмжээнд дэвшил гарч байгааг харуулаад зогсохгүй ном уншихдаа тухайн зохиогчийн бичиглэлийн хэлбэрийг уншсан бусад зохиолуудтай харьцуулах, тэндээс бичиглэлийн санаа авах өргөн боломж бүрдүүлж байгаа юм. Тийм ч учраас “ХАТАН ЦАДИГ” түүхэн таван туужис-ийг таван өөр бичиглэл бүхий зохиолчийн бүтээлийг нэгэн номноос уншсандаа ихэд олзуурхлаа. Ийнхүү олон хүний бүтээлүүдийг нэг дор унших, тухайн зохиолчдын чадал чансааг хараад зогсохгүй, өөр өөр бичиглэлийн хэв маягуудад нь утга зохиолыг сонирхогч, өөрөө өөртөө бичигч надад бас бичиглэлийн олон төрлийн хэлбэрийг харах сайхан боломж бүрдүүлж байгаа юм.
“Хатан цадиг” энэхүү бүтээл Чингис хааны үеэс авахуулаад Зүүн гарын Монгол улсын үед төрийн хэрэгт оюун бодлоо чилээж, төр улс мандан бадрах хийгээд унан доройтоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн зарим хатдын талаар өгүүлжээ. Чингэс хааны охин Алагийн тухай өгүүлэх зохиолч Б.Өлзийсүрэнгийн “Эргэх орчлон” туужаар энэхүү бүтээл үүдээ нээж эмэгтэй хүн хүүхэдээ зөв боловсон хүмүүжүүлж, эр нөхрөө зөв удирдахаас гадна төрийн хэрэгт ухаалгаар оролцох юм бол төр улс мандан бадралд хүрэх боломжтой харин атаа хорсол тээж, зүс царайныхаа сайхнаар эрчүүдийг талцуулж явах нь яавч зөв зүйл биш болохыг өгүүлсэн зохиолч Б.Ойдовын “Зүүнгарын мөхөл” туужаар өндөр үүдээ хаажээ.
Түүхийг түүх уншснаар биш түүхээс сэдэвлэн бүтсэн уранзохиолын ном уншиж түүхийн мэдлэгээ сэргээдэг болоод хоёр гурван жилийг үдэж. Магад таны нэрийг нь сонсоод л өнгөрсөн Монгол хатдын талаар ХАТАН ЦАДИГ-т орсон ч байж юун. Тиймээс монгол хүний бичиглэлийн ухаанаар бүтсэн түүхэн туужисыг эрхэм уншигчдад санал болгож байна.
Цаг хугацаа эргэж, цадиг түүх хуучравч...Монгол хүний оюунаар бүтсэн уран үгс үргэлжилсээр байх болно...

2017 оны 04 сарын 2
Хөххот


Comments