Дулмаа хөдөө төрж өссөн малчин айлын хүүхэд. Зундаа тугал
бяруу хариулж, хонь сааж, төлний амралтаар хурга, ишиг угжихаас авахуулаад
хөдөөнийхөн юу л хийдэг тэр бүгдийг хийж өссөн. Дулмаа арван жилийн сургууль
төгссөнөөс хойш сургууль соёл бараадаж хотод амьдрах болсон юм. Айлын ганц охин
болохоор аав, ээж нь хэдэн малаа айл дээр тавьж, ганц охиноо бараадан хот луу
нүүгээд гурван жилийг үджээ. Дулмаа гэр нь хөдөө байхад зун, өвөлдөө хөдөө явж
сэтгэлийнхээ чилээг гаргачихдаг байв. Угийн хөдөөд дуртай болоод ч тэрүү хөдөө
яваад ирэхэд Дулмаагийн сэтгэл дүүрэх шиг болдог байв. Энэ удаа Дулмаа ажлын
шаардлагаар хөхүү өвлийн хүйтэнд Архангайг зорих болов. Аав, ээжийгээ хотод
ирснээс хөдөө яваагүйгээ санахад энэхүү томилолтыг хараад Дулмаа хамгийн ихээр
баярлажээ. Агаар салхинд гарч толгой тархиа хэд хоног амрааж ажлаа амжуулаад
ирнэ дээ гэж бодоход нисээд л очмоор санагдана. Дулмаагийн хүсэн хүлээсэн өдөр
ирж Архангайн хойд сумдын малчид хөдөлмөрчидтэй уулзаж, цаг үеийн байдалтай
танилцахаар замд гарав. Энэ жил Монгол улс тэр чигтээ цасан хучлагатай байгаа
болохоор тэдний байгууллагаас ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж хот хоорондын
нийтийн тээврээр явах тушаал гаргажээ. Дулмаа явах өдрийн өглөө эртлэн босж
баруун аймгуудын нийтийн тээврийн хэрэгсэл замдаа гарах нэгдсэн төв Драгон төв
дээр ааваараа хүргүүлэн ирэв.
Тээврийн замд хорь гаруй жилийг үдсэн аав нь
– За миний
охин, таньж мэдэхгүй газар болгоомжтой явдаг юм шүү. Хүйтэн нойтонд дулаан
хувцаслаж яваад даарав гэж цахиад зүүн хацар дээр нь үнсэв.
Дулмаа
-
За, аав би ямар жаахан охин биш. Та арван найм ч хүрээгүй
охиноо Улаанбаатарт сургахаар явуулж байгаа биш.
- Явуулж л
байсан юм даа. Одоо гэтэл хотын бүсгүй болох гээд өхөөрдсөн харцаар харав.
Дулмаа автобусанд суугаад “аав, ээж хоёртоо ч байнга л нялхаараа байх юмдаа”
гэж бодохдоо анх оюутан болохоор явж байхад аав, ээж нь “за тэр хот газар чинь
аюултай гэсэн шүү. Болгоомжтой яваарай миний охин” гэж ирээд л захиж байсныг нь
санав. Гэтэл өнөө хоёр маань аль хэдийн хотын хөгшид болчих гэж бодоод
инээмсэглэв.
Оюутан байх цаг үе гэснээс Дулмаад оюутны амралтаар
гэртээ харих хүртлэх замын хөгжилтэй дурсамжууд сэргэж эхлэв. Пааз автобусандаа
суугаад “Алтан шар зам дуугаа эхлүүлээд авсан байхад маргааш өдрийнхөө үдэд
Гэртээ ирлээгээ дуулаад л ээж, аавдаа үнсүүлдэг байсандаа” гэж бодож явах
төдийд тун ч сайхан зүүрмэглээд авч. Дулмаа томилолтын газартаа хүрч малчдын аж
байдалтай танилцахаар явахад салбар байгууллагын орон нутгийн төлөөлөгчид хамт
явж байгаа болохоор их л түшигтэй байлаа. Арван нэгэн сарын эхээр орсон цас хөр
болон хатуурч, мал их талхалсан газар зам гарсныг эс тооцвол томилолтын газар
үнэндээ цасанд тэр чигтээ дарагджээ. Хэдий тийм ч жавар дааж хүйтрэхгүй, мал
өдрийн идшээ аваад байгаа болохоор малчдын сэтгэл өндөр байлаа. Улаанбаатар
хотоос малчдын аж ахуйтай танилцаж, цас зудны гамшиг нүүрлэвэл хэрэгцээтэй
зүйлсийн судалгаа авч, саналыг нь сонсож байгаад нутгийн иргэд талархаж, юу
байгаагаа барьж цай цүү болох нь Дулмаагийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байв.
Дулмаа оройн амралтаа заавал сумын төв орж буудалласан байрандаа байх гэхээс
нутгийн иргэдийнд хонохыг эрхэмлэж байв.
Томилолтын сүүлийн өдөр ч мөн нутгийн айлд хонохоор
болов. Түүний сонгосон айл ганц гэр өвөлжиж буй Билэгтийнх байв. Баруун талынх
нь саахалт айлууд нэлээд нөмөр газрыг сонгож өвөлжөөгөө барьсан бол зүүн талынх
нь айлууд мөн л уулын өврийг дагаад нөмөр бараадаж. Харин Билэгтийнх жижиг
уулын бэл дэнж дээр суурьшиж. Билэгт хотын төлөөлөгч гэрт нь хонож буйд хөл
болж байн байн эхнээр төлөөлөгчид цай, эхнээр галаа нэм гээд л эхнэрээ дуудна.
Унтахын өмнө Дулмаа гарвал хөхүү өвлийн сэрүүн агаар урдаас үлээж, тэргэл саран
яг л өөдөөс нь мишээж, тэнгэр дэх одод гялалзана. Билэгтийн гэрийн баруун тийш
гарвал холгүй зайд гэрэл гялалзах нь баруун хот айлыг сануулна. Хашаатай хонины
нүд гялалзаж, хаа нэгтээ ямааны турхирах дуу сонсогдоно. Гэрээ сахин хэвтэж буй
хоточ банхрууд хааяа хааяа хуцах нь бид байгаа шүү гэдгийг сануулах мэт. Гэрийн
сүүдэр сарны гэрэлд тусж, үзэсгэлэн төгөлдөр өвлийн шөнийн чимээгүйд гэрийн
эздийн яриа улам л хөг нэмж байлаа. Дулмаа цээж дүүрэн агаар амьсгалахдаа
“өвлийн шөнийн уянга гэдэг чинь энэ бишүү” гээд ард зогсох орон нутгийн
төлөөлөгчид дуу алдан инээмсэглэлээ.
Улаанбаатар
хот
2017 оны
2 дугаар сар 15
Comments
Post a Comment