ШИНЭ ОНД ШИНЭ ҮНДЭС СОЁОЛУУЛНA


Шинэ жил болоход хүмүүс битүүхэн хүлээлттэй байж, ирэх он жил олон зүйл өөрчлөгдөх, илүү сайн сайхан болох гэгээн хүсэл тээдэг. Гэхдээ хүн өөрөө л хичээж, сайхан зүйлрүү тэмүүлж байж амьдралаа өөрчлөх зүй тогтолтойн учир өдгөө гарч буй шинэ онд олон хүн хийж бүтээж, уншиж судалснаараа ялгараасай гэж чин сэтгэлээсээ хүснэм.
Өнгөрсөн оныг өөрийнхөө хувьд дүгнэж үзвэл уншихсан гэж төлөвлөөд байсан Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” роман, Л.Түдэвийн “Оройгүй сүм”, Ч.Лодойдамбын “Алтайд” зэрэг монголынхоо сонгодог романуудаас гадна дэлхийн сонгодог зохиол Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”, алдарт Муракарамигийн “Норвегийн ой”, зэрэг бүтээлүүдийг уншиж, уран зохиолын төрлийн бүтээлүүдийн уншсан номын тоог нэмж оюун ухаанаа баярлууллаа.
Түүний зэрэгцээ мэргэжлийнхээ сонгодог бүтээлүүд болох Америкийн сэтгэлзүйч А.Адлер, сэтгэлзүйн шинжлэх ухааны эцэг Австрийн сэтгэлзүйч З.Фрейд, Карл Юнг нарын бүтээлүүдийг хятадаар уншиж танилцсандаа баяртай байна. Дээр нь нэмээд хувь хүний хөгжлийн чиглэлийн монгол хэлнээ “Өөдөө тэмүүл” хэмээн орчуулагдсан Америк бүсгүйн ном, “Би энэ амьдралд хайртай” хятадын сэтгүүлчийн бичсэн эмэгтэйчүүдийн хөгжлийн ном уншиж өөрийгөө баясгав.
Ах эгч нарын номын шүүгээнээс хуучирч шарласан уран зохиолын сурах бичгийн номыг дахин дахин уншиж, зарим зохиолуудыг нь бараг л үг үсэггүй цээжилчихсэн байдаг тэр үеэс л би ийнхүү номын үнэнч уншигч болох эхлэлээ тавьсан юм болов уу. Ном уншиж сэтгэл оюунаа баясгадаг миний хувьд өнгөрсөн онд ном уншаад ч сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдрэхгүй байх тийм нөхцөлд ч орж үзснээ энд дурдахыг мөн хүслээ.

Хүн гэдэг чинь сэтгэлийн амар амгаланг мэдэрч байж л ирээдүйн зорилго, тэмүүлэлтэй болдог аж. Гэтэл өчүүхэн битгий хэл томоохон зүйлээс ч аз жаргалыг мэдрэхээ больчихдог үе байдаг юм байна гэдгийг би энэ биеэрээ туулав. Хүн сонсвол итгэхгүй ч гэлээ биеийн өчүүхэн хэсэг өвдснийг ургуулан болж, өөрийнхөө биеийг чагнаж эцэст нь өөрийгөө гарах ямар ч гарах гарцгүй болтлоо стрессдэж түүнээсээ гарах гэж өөрийгөө болон дотны хэдэн найзыгаа мөн ч их зовоов. Одоо бодохнээ энэ бүхэн миний амьдралын маш том сургамж болон үлдэх ёстой зүйл болж. Тэндээс мөн ч их зүйл суралцаж, сэтгэлийн амар амгаланг гэдэг зүйлийн мөн чанарыг дэндүү их ойлгож, мэргэжлийнхээ үнэ цэнийг дэндүү ихээр мэдэрлээ.
Амьдрал ийм л том сургууль байж. Хэзээ ч сэтгэлийн хүч маань мөхөхгүй гэж бодож явсан бол нэг л өдөр хэн ч биш болж, тэр хэрээр өөрийгөө бусдаас тусгаарлаж тэр мэдрэмж намайг өдрөөс хэмлэж байсан тэр өдрүүдийг уншиж байсан ном, уулзаж байсан нөхдийнхөө хүчээр гарсандаа баярладаг юм. Заримдаа яаж тэр мөчийг дававаа гэж өөрийгөө зоригжуулж, заримдаа дахиад тийм болох вий гэдэг нууцхан айдастай болсон. Энэ бүгдийн ард гараад өнөөдөр шинэ оны босгон дээрээс би амьдралыг илүү сайхнаар харж, илүү олон зүйлийг хийж бүтээх, илүү олон зүйл унших чин эрмэлзлэлтэй болсноо мэдэрч байна. Магад амьдрал гэж ийм л бартаат хэрнээ хүнд шинэ болгоныг мэдрүүлж байдаг аялал юм болов уу? Дээр дурдсанчлан шинэ он гараад олон зүйл өөрчлөгдөхгүй ч гэсэн хүний сэтгэлд нэгэн шинэ үндэс шинэ он гарснаар соёолдог аж. Тэр соёолсон үр дээрээ түшиглэн оролдож, хөдөлмөрлөвөл амьдрал илүү их зүйлийг өгөх байх. Би энэ онд яг түүн лүү л алхана гэж зорилоо. Та ч гэсэн мөн сэтгэлдээ нэгэн гэгээн мөрөөдлийг соёолуулан түүнийхээ төлөө урагш алхаарай...
ШИНЭ ОН ТА БИДЭНД САЙХАН БҮХНИЙГ ӨГӨХ БОЛТУГАЙ.
                                                                                                              2017 оны 1 дүгээр сар 4
                                                                                                                     

Comments