НИНГСИА ӨЗО/宁夏自治区/-ГИЙН ИНЧИУН /银川/ ХОТОД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

Өвөрмонголын өөртөө засах орныг хиллэн оршдог Хятад улсын бас нэгэн өөртөө засах орон болох Нингсиа /宁夏自治区/-гийн Инчиун /银川/хотод очих сайхан боломж өнгөрсөн оны сүүлчээр олдов. Их Монгол Улсын үед Чингис хаан энэ хотод байлдаж яваад нас барсан гэдгийг бидэнтэй уулзсан тэндэхийн хүмүүс сонирхуулан ярилаа. Түүхийн баримтын хувьд үнэн эсэхийг мэдэхгүй ч Өвөрмонголын Алшаа аймагтай хиллэх энэ газарт Чингис хааны байлдан дагууллын үед ислам шашинтнаас авахуулаад газар газраас ирсэн хүмүүс суурьшин үлдснээр энэхүү өөртөө засах орны эх үндэс тавигдсан аж. Хятад улсын баруун хойд зүгийн энэ бүс нутаг сүүлийн жилүүдэд хөгжлийн төв цэг болж байгаа нь Инчиун /银川/ хотын бүтээн байгуулалт, шинэ тутам баригдаж буй барилгуудаас илт харагдана. Инчиун /银川/ хотын зам их өргөн, тийм болохоор замын түгжрэл барагтай л бол байдаггүй бололтой гэж харагдмаар. Зам өргөн, хот тэгтлээ чихэлдэж, шамбааралдаагүй болохоор амьдрахад их таатай хот санагдав.
Хотын аялал жуулчлалын нүүр царайг тодорхойлох Шар мөрний орчим, усан парк, алдарт цагаан хэрмийг дуурайлган барьсан хана хэрмийн хэсгээр дайрч өнгөрсөндөө өөрийгөө азтайд тооцов. Үнэндээ өвөл цаг болохоор тэр бүгд үзэсгэлэн төгөлдөр харагдаагүйч зун, намар, хаврын цагт үзэж харах зүйл ихтэйг нутгийн хүмүүс ярьж байв. Энэ газрын хүмүүсийн ихэнхийг нь ислам шашинтнууд эзлэдэг бөгөөд нутгийн онцлогийг харуулсан хоолны газар нь хар ногоон дэвсгэртэй байдаг аж.
Ажлын шугамаар явсан болохоор төдийлөн өөрийн сонирхож байгаагаа асууж лавлаж, үзэхээр газарт очиж амжаагүй ч анх удаагаа шахуу энгийн бизнессмэн хятад хүнтэй ажил хэргийн ширээний ард суусныхаа хувьд доорх өгүүлэмжийг бичихийг хүслээ.
Хятад бизнесмэний ухаан: Өдөн куртик, жинсэн өмд, пүүз өмссөн хурдан алхаатай тэр хүнийг анх хараад нэлээд амжилттай яваа бизнесмэн гэж харсангүй. 18 наснаасаа ажил хийж, их дээд сургууль төгсөөгүй ч томоохон бизнесмэний тоонд тооцогдож буй тэрээр 40 насны босгыг алхахдаа аль хэдийн үс нь бууралтжээ. Бизнесийн хүний нарийн ухааныг бидэнд үзүүлж харуулсан болгоноороо харуулж байв. Уулзалтын төгсгөлд - энэ гурван өдрийн турш та бүхнийг авч очсон газар болгон учиртай. Анхлан бизнес эрхлэгчид санаа өгөх зорилготой бөгөөд өөрийн хийсэн бүтээснээ харуулж, төрөлх мужийнхаа онцлог хоолоор биднийг дайлж хятад хүний зочломтгой занг нэг дор харуулаад амжлаа. Хятад хүн нэг итгэсэн хүндээ машид хүндэтгэлтэй хандах бөгөөд бизнесийн талын гэрээ хэлэлцээр дээр аль болох ам түрүүлж нээх сонирхолгүй байгаа нь харагдана. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн хямрал энэ хятад бизнесмений хувьд ч асуудал болоод байгаа төдийгүй амар тайван амьдрах хүсэл бүхий түүнд ард байгаа ажилчидаа бодоход шууд бизнесээ орхих зориг хүрэхгүй байгаа гэсэн. Ядуу гэр бүлд өсж торниж, өөрийн хүчээр засгийн газрын захиалгыг гүйцэтгэх хэмжээнд хүртлээ ажиллаж буй амжилттай бизнесмэний харьцаа тун энгийн хийгээд нутаг орныхоо онцлог сонин зүйлийг ам хамхилгүй ярин танилцуулж байсан нь халуун дотно уур амьсгалыг төрүүлнэ. Ийнхүү үүргэвчээ үүрээд гарсан миний аялал хүний сайхнуудтай нь уулзаж, үзэж харах зүйл баялаг байснаар өндөрлөсөн юм. Алшаа аймгийн зүүн хошуугаар түр зочлох завшаан олдож аугаа дээдсийн байлдааны нуугдавч болсон томоохон хайрханы хажуугаар өнгөрөх тэр үед эх орондоо ирсэн мэт танил дотно мэдрэмж төрж байснаа энд өгүүлэх юун.

Comments