СУДАС Ч ГЭСЭН ЧИМЭЭТЭЙ

...Сүсэг ч, үл тоомсорлох нь аль аль нь оношлоход нөлөөлдөг. Үнэн сэтгэлээс үзүүлж буй хүний судас илүү тодорхой байдаг. Ер нь цус бол энэ дэлхий дээрх хамгийн онцгой шингэн шүү дээ. Амь нь усны аминаас хэдэн хувь давуу. Тэр дундаа бодол сэтгэл нь үелзээн ихтэй хүн гээч амьтны цус уу? Ээ дээ, горьгүй хүн олон таарна шүү. Мууг хийсэн, мууг сэдэж яваа нь мэдрэгдээд, судас барих ч заримдаа амаргүй л байдаг юм...
                        Г.Аюурзана “Судасны чимээ” роман, 138-р тал
...Хүний амьдрал бусдын дунд л өрнөдөг. Тиймээс зарим хүнд ах нь, дүү нь, үгүйдээ л ах дүү шиг нь, зарим хүнд эцэг нь, хүү нь, үгүйдээ л эцэг эсвэл хүү шиг нь, зарим хүнд эр нөхөр, бүр сайн эр нөхөр шиг нь байх гэж хичээх... Энэ л амьдрал юм.
                       Г.Аюурзана “Судасны чимээ” роман, 178-р тал


Монголын уламжлалт анагаах ухаан бариа засал, судас барих арга ухааны гайхамшигийг уран сайхны аргаар илэрхийлсэн зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын ээлжит үргэлжилсэн үгийн бүтээл “Судасны чимээ” романыг удаан хугацаанд барьж тавьсны эцэст уншиж дуусгав. Урьд нь бичигдсэн “Бөөгийн домог”, “Шүгдэн” гэх шашны тухай өгүүлсэн романуудыг уншсныхаа хувьд “Судасны чимээ”-г ч бас нэгэн шашны тухай өгүүлсэн юм болов уу? гэх таамаглал байсан юм. Миний таамаглал зохиолын эхэнд нэг ч их зөрсөнгүй.
Зохиолын гол дүр Мэндээ Лигдэн хааны алтан ганжуур судар хаана байгаагийн сургийг гаргахаар Өвөрмонголын Мүгдэн хот дахь Шар сүмд ирснээр эхлэнэ. Угтаа Мэндээ бол эд мөнгөнд дуртай нэгэн ба түүнийхээ үрээр ч гэх юмуу сүмээс үсэрч монголын уламжлалт бариа заслыг Өвөрмонголд үргэлжлүүлэн авч яваа Алтан-Уул бариач дээр ирж ная хоног эмчлүүлээд амьдралын мөн чанарыг ойлгож “Амьдралд хүн юу ч хийх чадваргүй болно гэдэг тийм л гэнэтийн, хэзээ ч тохиолдож мэдэх, тийм л цочирхон явдал аж. Тэгэхээр амжиж...”\Г.Аюурзана “Судасны чимээ” роман, 194-р тал\ амьдралыг шинээр олж харж, өөрийгөө таньж мэдэж, зөв зүйтэй зүйл хийж бүтээх чин эрмэлзлэлтэй болно.
Мөн зохиолд гарах Насаа, Сэндэр нарын дүр чин үнэнч хайрын мөн чанарыг илэрхийлжээ. Сэндэр гэрлэж, Насаа ганцаардал гунирхал бүхий 20 жилийг үдсэн ч тэдний хайр хөрөөгүйгээр барахгүй, хамт амьдрах болно. 20 жилийн гунирхал, ганцаардал Насаагийн ой санамж муудах үндсэн шалтгаан болсон аж. Угтаа хайртай хүндээ гомдсон гомдол, хайртай хүнээ хүлээсэн хүлээлт, гуниг цөхрөл бүхэн өвдөлтийн үндэс болдгийг, хайртай хүмүүс хамтдаа байх харилцан бие биедээ эдгээгч болдог гэдгийг хайртай хосуудын харилцаагаар илэрхийлжээ. Энэ бүгдийн гол холбогч нь удам судраасаа судас барих их үйлсийг үргэлжлүүлэн авч яваа, Түвд, Энэтхэгт эрдэмд боловсорсон эмч Зоригоо ба Монголын уламжлалт эмчилгээний талаарх бидний мэдэхгүй зүйлсийг уран сайхны аргаар илэрхийлсэн нь мэдлэг, мэдээллийн гоц ач холбогдолтой санагдлаа.
“Судасны чимээ” энэхүү роман нь хорчин түмэн “бөө мөргөл”-дээ хэрхэн үнэнч үлдсэн, түүхэн дэх ороо бусгаа үеийн шарын шашны эд агуурсын алдагдал, уламжлалт, эм эмчилгээний гайхамшиг, зүүдний эмчилгээ зэрэг олон талт агуулгыг багтаасан түүхэн агуулгатай бүтээл болжээ гэж ядмагхан уншигч миний бие дүгнэлээ. Хэдийнээс гурвантаа номыг нь уншсны хувьд зохиогчийн унших гэсэн санааг энэ удаад толгой өвдөлгүй ойлгосондоо өөрийгөө жаахан тоолоо.

Comments