ААВ

Тэр жилийн өвлийн амралт яг сайхан цагаан сар таарч билээ. Оюутан болсноос хойшхи хоёр гурван жилийн өвлийн амралт, цагаан сар хоёр дандаа л зөрдөг байсан юм. Амралтаар гэртээ харьж ирчихээд удалгүй цагаан сараар гэртээ байна гээд хоёр талын автобусны зардал гаргаад явна гэдэг миний хувьд их үрэлгэн санагддаг байж билээ. Тийм болохоор гэрээсээ хол баяр тэмдэглэж, хотод байдаг хамаатан садан, найз нөхдийн нийлсэн гурван айлд очиж бууж жигнүүлж идээд л миний цагаан сар дуусдаг байв.
Нэгдүгээр курсд байх жил аав, ээжээсээ хол анх удаа цагаан сар тэмдэглэх болж битүүний оройноос авахуулаад усан нүдэлж билээ. Он жил улирах тусам тэр хямрал үгүй болж гурав дахь жил нь л гэхэд ойрхноор нь Дархан явж найзындаа цагаан сар тэмдэглэв. Энэ тухай ээжид хэлэхэд – миний охин газар үзэж, хүмүүстэй танилцаад сайн байна гээд учиргүй баярлаад утсаа тасалж билээ.

Тэр жилийн гэж тодотгосон цагаан сараар би дөрөвдүгээр курст байв. Гурван жилийн дараа аав, ээжийнхээ дэргэд цагаан сарыг өнгөрөөнө гэдэг ямар их аз жаргал гэдгийг мэдрэх шиг болж билээ. Хэдэн өдрийн өмнөөс бууз, хэвийн боовоо хийж хотныхон хэсэг бужигналдав. Бага байхад цагаан сар гэхээсээ ингэж хотоороо цуглаж цагаан сарын бэлтгэлээ хийх л аз жаргал санагддаг байсан болохоор яг л тэр үедээ эргэн очсон юм шиг санагдана. Яг үнэндээ олон зүйл өөрчлөгджээ. Аавын маань магнайдах үрчлээ тодорч, хоёр гурваар нэмэгдэж, ээжийн маань шаламгай хөдөлгөөн удааширч, үсэнд нь буурал унажээ. Айлын дэлгэц гүйн зөөдөг байсан найзууд бүгд амьдралаа хөөн, байгаа хэдийнх нь хүүхдүүд яг л бидэн шиг гурил элдэх гэж, бууз чимхэх гэж булаацалдаж эцэг эхдээ загнуулж байх юм. Хотны хөгшид цөөрч уул шиг ханхайж урам зориг хайрладаг өвгөд үгүй болсон байв. Энэ бүгдийг эргэцүүлэн бодоход дэндүү гунигтай санагдах ч яг л урьдын адил байгаа гэрийн дулаан уур амьсгалаа бодохоор сэтгэлд гэрэл нэмэх шиг болж билээ.
Цагаан сарын бэлтгэл дуусч шинийн нэгэн болж ах дүү, амраг саднаараа золгож сайхан шинэллээ. Цагаан сар ч хуучирч, миний хичээл ч орох болж аав намайг сумын төв хүргэж өгөх болов. Харин ээж минь урьдын л адил сүүгээ өргөөд, зүүн хацар дээр минь үнсээд үлдэв. Тэр удаа явахдаа би юунд ч юм хоргодоод ээждээ хэд хэд үнсүүлж байгаад ирэхэд аав – миний охин чинь улам нялхраад байна уу даа гэж тоглоом шоглоомоор хэлээд духан дээр минь үнсэж билээ. Аав бид хоёр сумын төв явах замд элдэв зүйлийг хуучилж, аав надаас хотын талаар асуух болгонд би дотроо – насаараа мал дагаж хот газрын барааг хараагүй аав минь аргагүй дээ гээд өмөөрөх сэтгэл төрсний хажуугаар өөрийгөө зэмлэх шиг болж билээ. Энэ хүний хүйтэнд хөрж, гадаа гандсны хүчээр хүний дайтай яваа байж ганц хот үзүүлчихэж чадахгүй гэж бодоод өөрийгөө ихэд үгүйсгэж билээ. Аав намайг автобусанд суулгаж өгөхийн өмнө – Ааваа би таньд хот газар үзүүлнээ. Охин нь сургуулиа төгсөөд ажлын анхны цалингаараа та хоёрыгоо хот оруулнаа гэж хэлэхэд аав инээмсэглээд – миний охин том хүн болжээ гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлээд үнсэж билээ. Энэ бол миний аавын сүүлийн үнсэлт байсан юм. Тэр өдрөөс хойш цөөнгүй хоногийн дараа би – аав чинь үгүй боллоо гэдэг үгийг утасны цаанаас сонссон юм. Ингэж би аавдаа хүрсэн амлалтандаа хүрч чадалгүй түүнийгээ алдсан анхны ба эцсийн удаа нүдэндээ нулимс цийлэгнэхийг нь харсан билээ.
Энэ л өдрөөс хойш хөдөө ирж амарчихаад явах болгондоо намайг автобусанд суулгаж өгөөд үнсэж байсан аавынхаа дүрийг санадаг юм. Тэр болгондоо “ааваа та минь амгалан нойрсдоо. Охин чинь сайн байна.” гэж өөртөө хэлж сэтгэлээ тайвшруулдаг юм.



Хөххот

2016 оны 11 дүгээр сар 24

Comments