1984 ЦУВРАЛ

Сүүлийн үеийн утга зохиолын салбарын чих дэлссэн мэдээ Америк дуучин нобелийн шагнал хүртсэн явдал байв. Энэ жилийн утга зохиолын салбарын нобелийн шагналд Японы үргэлжилсэн үгийн мастер Мураками Харүки дэвшсэн явдал олон уншигчдын анхаарлыг татаж, бяцхан хүлээлт үүсгээд байсан юм. Монгол хэлнээ сүүлийн үед орчуулагдсан бүтээлүүдээс уншигчдын анхаарлыг татаж буй 1984, Норвегийн ой зэрэг бүтээлийн зохиогч болохоор танил байхаас ч аргагүй. Би ч тэдгээр уншигчдын нэг байж, утга зохиолын салбарын Нобелийн шагналыг битүүхэндээ чих тавин байлаа. Хэдий Мураками Харүки Нобелийн шагнал хүртээгүй ч Нобелийн шагналд нэр дэвшигчийн бүтээлийг цаг алдалгүй эх хэлнээ уншиж, танил болж байгаа нь баярлууштай хэрэг билээ.
Ямартай ч хоёр жилийн өмнө уншсан 1984 романы хоёрдугаар цувралыг өнгөрсөн хугацаанд уншиж амжлаа. Миний хувьд Америкийн буудуулаад л буудуулаад л үхдэггүй, гэмт хэрэг хийгээд л хийгээд л цагдаад баригддаггүй хэв маягийн кино үзэх дургүй. Мөн тийм хэв маягаар бичсэн уранзохиолын ном ч унших их дургүй. Харин мянганы шилдэг цуврал “Луун шивээст охин”-ы цувралыг уншиж эхлэснээс хойш за тэгээд уншигчдын нийтлэг хандлагыг дагаад 1984 цувралыг эхлэсэн юм. Эхний цуврал тун ч дажгүй сэтгэгдэл үлдээж, хоёр дох цувралыг хурдан унших зорилготойгоор дуусгаж байснаа санаж байна.
Тэр зорилго маань биелж, 1984 хоёр дох цувралыг уншиж байхад нэг л хийсвэр юм уншаад байгаа ч юм шиг, амьдралд байж боломгүй зүйл тохиолдоод байгаа ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Угтаа 10 насанд учирсан анхны харц хичнээн олон жилийг үдсэн ч хоёр биенийхээ сэтгэл зүрхэндээ хамгийн агуу хайр болон үлдсэн тухай гарах нь хайр сэтгэлийн нандин харилцаа үргэлж хадгалагдаж байгааг харуулахыг зорьсон юм болов уу?. Зохиолд гарах олон үйл явдлын гол зангилаа нь Тэнго, Аоэмомэ нарын хайр сэтгэлийн нандин харилцаа болж байгаа нь дараагийн цувралыг унших хөшүүрэг болов. Он удаан жил төөрсөн хосууд яг л тэр цувралд хэрхэн уулзах бол гэдэг надад асуулт болон үлдэв...

Comments