ҮРГЭЛЖИЛСЭН ҮГИЙН БҮТЭЭЛИЙН ӨЧИГДӨР БА ӨНӨӨДРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАЛААР ТОВЧ ӨГҮҮЛВЭЭС

Зууны шилдэг романы зохиогч Ч.Лодойдамбын үргэлжилсэн үгийн бүтээлүүд хүний сэтгэл зүрхийг  аугаа ихээр догдлуулж, амьдлаг дүрийг харуулдаг санагддаг юм. “Шаргачин” өгүүллэгийг нь уншчихаад хичнээн ихээр харуусаж байж билээ. Дунд сургуулийн тавдугаар ангид шинээр орж байсан уранзохиолын хичээл Ч.Лодойдамбын “Шаргачин”, С.Эрдэнийн “Хоньчин Найдан”, “Цуутын цагаагч гүү” гээд хэд хэдэн амттай бүтээлүүд орж байснаараа сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж. Ахлах ангид ороод зуны амралтаар гандаж шарласан хуучны уран зохиолын ном ширээний шүүгээнээсээ олж уншаад хичнээн ихээр баярлаж байснаа одоо ч мартдаггүй юм. Өдөр, оройн хонь саалтын дундуур ид нарнаар байшингийнхаа сүүдэрт ээжийн дээлийг дэвсэж хэвтээд өнөөх олсон номон дээрээсээ Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан” туужийг уншаад уйлах, инээх зэрэгцэн ухаангүй уншиж билээ. Сүүлд дахин уншихад ч шинэ л мэт сэтгэгдэл төрж байсан санагдана.
Эх оронд минь анхны сургууль байгуулагдаж, түүнд тулгарч байсан бэрхшээл, ололт амжилтыг зохиолын баатрын яриагаар дэлгэн харуулсан дэндүү гайхалтай зохиолсон. Одоо ахмад үеийнхэний хууч, дурсамжаас уншихад тэр үеийн сургууль “Манай сургуулийнхан” тууж дээр тэр хэвээрээ гарсан байдаг юм. Бичлэгийн эхэнд дурдсан зууны шилдэг романыг кино хэлбэрээр нь хэд ч үзэж, жүжигчдийнх нь үгийг цээжээр шахуу мэддэг болсон болохоор уншъя ч гэж боддоггүй юм. Бидэнд Итгэлт баян, Цахиур Тамирыг төрүүлж өгсөн хүн гээд бодохоор зохиолчийг өөлөх шижим ч олдохгүй шүү дээ. Ийнхүү олныг дурдсны учир 20-р зууны нэрт соён гэгээрүүлэгч Ч.Лодойдамбын “Алтайд” романыг уншсантай холбоотой юм. Геологичдын ажил амьдралыг тодотгон харуулсан энэхүү бүтээл геолигоч мэргэжлээр шинэхэн диплом өвөртлөн ажил амьдралын их замд гарч байгаа залуугаар төлөөлүүлэн тухайн үеийн хүн, байгалийн хоорон дох харилцаа, залуучуудын амьдралын онцлогийг тусгажээ.

“Алтайд” романаа уншчихаад угсруулаад өнөө цаг үеийн уран бүтээлчдийн бүтээл Х.Болор-Эрдэнэ “20 жилийн дараа” туужийг барьж авлаа. Халтарын Болор-Эрдэнэ хэмээх яруу үгтэй, оюуны бядтай зохиолчийн шүлгийг монгол хэлний элсэлтийн шалгалтан дээр ажиллаж ёстой жинхэнэ мад тавиулаад гарч ирсэн санагддаг юм. Ингэж бүтээлээр нь танилцаж хойш зохиолчийг дэлгэцийн бүтээлүүдээр нь мэдэх болсноос хойш “20 жилийн дараа” туужаар нь номын хуудаснаа уулзлаа. Угтаа “Би чамд хайртай” киноны дүрүүдийн 20 жилийн дараах амьдралыг харуулах энэ бүтээл “Золбоо, сар гарнаа” гэх “Би чамд хайртай-2” киноноосоо эсрэгээрээ бичигдсэн бололтой. Зохиолч ном гэхээсээ кинон дээрээ санаагаа их гоё гаргасан юм билээ. Номны хувьд “Алтайд” романы романы хойноос уншсандаа ч тэрүү цэгц муутай, яг л солонгос кино шиг үйл явдал гарсан урам хугалав.

Ийнхүү Монголын утга зохиолын шинэ үе болон нэн шинэ үеийн зохиолчдын бүтээлээс дээжлэн зуны амралтаа өнгөрөөв. Аливаа улс үндэстэн оршин тогтнохын уг үндэс болсон эх хэлний ариун тансаг бүхэн үе үеийн зохиолчдоор маань дамжин уншигч олон бидний сонорт хүрч байгаа нь эх орны маань бас нэгэн дархлаа гэдэгт би итгэнэм.

Comments