ЭРЭМДЭГЛЭГДСЭН ИНЭЭМСЭГЛЭЛ

...Амьдрал гэгчийг дөнгөж үзэж байгаа боловч өөрийн хүнд хувь тавилангийн учрыг мэдэж байдаг бүх л амьтны адил хүүд нэг л балчир ойлгомж муутай мөртлөө өндөгний хальсыг шувуу хошуугаараа цоо тонших лугаа адил тархийг нь өрөмдөн, сэтгэлийг нь зовоосон бодол төрж эхэлсэн нь эргэлзээгүй. Гэвч энэ хоромд балчир ухааныг нь дүүргэсэн зүйл түүнийг зөвхөн мэл гайхуулан айлгах ажээ. Дэндүү их сэтгэл хөдлөх нь заримдаа дэнгийн тос хэтрэх мэт бодлыг унтраах нь бий. Насанд хүрсэн хүн бол мянга түмэн асуултаар өөрийгөө зовоох байсан бол хүү зөвхөн харахаас хэтэрсэнгүй...
Виктор Хюго “Инээмтгий хүн” романы хэсгээс

Далайн эрэг дээр, манан зэрэглээт мөсөн өвөл цор ганцаар үлдсэн аравхан настай бяцхан хүү. Аврал эрэн гүйж яваад хэн нэгний уйлах чимээг сонсон очвол цасанд булагдан хөлдөж үхсэн ээжийнхээ хажууд байх бяцхан үрийг өөртөө байгаа цор ганц халуун дулаан хувцасаа тайлан түүнийг ороогоод учир нь үл мэдэгдэх цасан хучлагат ертөнцөд амь гарах итгэл өвөрлөн цааш гүйж нэлээдгүй саад бэрхшээлийг давсны дараагаар жижиг тосгон, суурин олж харсандаа туйлаас баярлан гүйх боловч ид дунд нойроо авч буй хүмүүсийн хэн нь ч хаалга онгойлгож өгсөнгүй. Эцэст нь шулуун шударга яриатай өөрийгөө гүн ухаантан хэмээн нэрийддэг хэрмэл тэнүүлчин, Гомо нэрт чоныг дотны нөхрөө болгосон Үүрс хаалгаа нээж өгснөөр хоргодох орон байр хойшид амьдрах амьдралын итгэл найдвар дүрэлзэн асна.

Гүн ухаантан Үүрс анх харахдаа “юундаа инээгээд байгаа юм бэ?” гэж хүүгээс гайхан асуух нь мөсөн хучлага болсон далайн эрэг дээр цор ганцаар үлдсэн хүү царайгаа эрэмдэглүүлж, хэн ч харсан гайхснаасаа эсвэл бүр айснаасаа болж инээхээр царай муутын туйл болсны эхний тайлал байлаа. Хүүгийн аварсан охин гоо үзэсгэлэнгийн оргил нь байсан ч орчлонг харах нүд түүнд заяасангүй.
Дээрх бол Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” зохиолын эздийн талаарх товч мэдээлэл. Дэлхийн сонгодог зохиол гэж нэрлэгдсний мөн чанар нь үйл явдлын баялаг өрнөл, тухайн үеийн нийгмийн үзэл суртлын алдаа дутагдлыг баримт нотолгоог жишээтэй хавсарган уран сайхны аргаар уран чадварлаг харуулсанд оршиж буй бололтой. Хүн хүнээ худалдаж, эрэмдэг зэрэмдэг болгох нийгмийн бусирмаг үйлдэл, тайж угсаатан, лордууд зэрэг төрийн эрх мэдэлтнүүд ард иргэдийнхээ амьдралаас хэтийдсэн үзэл баримтлал, хөнгөн хийсвэр, зальхай зангийн талаар шигтгэж, гүн ухаантан Үйлсийн уран цэцэн үгсийг хавчуурга болгон оруулсан нь зохиолыг дэндүү нуршуу болгосон юм болов уу? гэж шүүмжилж болох талтай ч тухайн нийгмийн харгис хэрцгий байдлыг тодотгож өгснөөрөө зохиолыг илүү амьдлаг болгожээ.
Эрэмдэг, зэрэмдэгийн туйл, гоо үзэсгэлэнгийн туйл хоёрын дундах гунигт хайр сэтгэл, гаднаа хатуу ч дотроо өр нимгэн ачлалт эцэг Үүрс, эздээ алдсандаа харамсан улих Гомо нарын хэрмэл, тэнүүлч амьдрал. Энэ бүхэн “ИНЭЭМТГИЙ ХҮН” зохиолын туршид таныг хөтөлнө.

Comments