БОДОЛ ШААГИНА

Хэдэн өдөр бүрхэж, сүүдэрлэсний сүүлээр хур бороо сүлэлдэн оров. Өдөрт нь бүрхэж, үдшээр бороо шаагина. Цонхны цаана шаагин орох борооны чимээ дуулдаж, ид нойрондоо нойрсож байгаад сэрэн чагнавал эгээ л бороо орсоор. Яг энэ үед үзгээ шүүрч аваад үгүй ээ компьютерээ асаагаад юуг ч хамаагүй бичмээр мэдрэмж. Хэрвээ яг энэ үед л бичвэл их гоё зүйл бичигдэх мэт санагдана. Үдэш оройн цагаар нойрондоо дийлдэж, маргааш өглөө хичээлтэй гэсэн бодлын дор унтахаар хэвтсэндээ жаахан харамсах ч. Ийм өдрүүд сүүлийн хоёр өдрийн орой давтагдлаа. Цонхны цаана бороо шаагиж, цочин сэрсэн толгойд бодол шаагина.
Бороо шаагисны маргааш тэнгэр цэлмэж, илчит улаан нар гайхамшигтайгаар инээмсэглэн угтах ч өчигдрийн орсон бороон ус зарим газраа шингэлгүй урсаж, зам сүлжин явах хэрэгтэй болжээ. Нэг бодлын сонирхолтой ч юм уу, үсэрч харайхад үнэндээ тэндээс аз жаргалыг мэдрэх шиг. Шинэхэн орсон бороон дуслууд модны мөчир дээр бөмбөрөн байх өглөөн агаар юутай цэвэр, юутай ариун. Түүнийг дагаад сэтгэл аяндаа л сэргэж, асгаран орсон бороо арчаад өнгөрсөн мэт.
Өнөөдөр сайхан өдөр болох нь гэсэн бодол үдийн хойно хэдий нь эсрэгээрээ болно. Нар хайчсан нь мэдэгдэхгүй алга болж, сэрүүн салхи хацар илбэж, сэтгэл зүрхэнд минь хөнгөн гуниг шилбүүрдэнэ. Ирж яваа цаг хэлэхээргүй эгээ л намар болж байгаа мэт уйтгарт бодлыг надад төрүүлнэ. Цэвэр агаар амьсгалж байгаа хэрнээ цээжинд даагдахааргүй гуниг төрж, цэл залуу нас минь өтөлсөн мэт болж, тэртээ өдрүүдэд инээд хөөр, итгэл өвөрлөн алхаж байсан гудмаараа алхлаа. Хаашаа ч одсон юм гэмээр сэтгэл догдлол, хаана ч байгаа гэмээр их итгэл, хаанаас ирсэн гэмээр тэр их хайр бүгд хаачсан юм бэ гэж асуумаар замхран одож. Магад хэзээ ч байгаагүй юм шиг, байсан бол аль дээр байсан юм шиг тэр л мэдрэмж төрнө. Гуниг төрж, гунигаа нуухдаа ирээдүй улам гэрэлтэй байгаа гэдгийг ухамсарлаж байгаа ч ухарч очмоор цаг хугацааны дурсамж энэ ажгуу.

Хөххот
2016.05.24

Comments