ЗҮРХЭНД БАГТААГҮЙ ХИЛЭН

Зүрхний хайртай эх орондоо халуун амь бүлээн цусаа хайрлаагүй өвөг дээдсээрээ бахархахын учир энэхүү романыг заавал унших номын тоонд оруулаад эртнээс төлөвлөн байж уншлаа. Яг үнэндээ өнөөгийн улстөрийн томчууд энэ зохиолыг уншаад нэг үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч билээ.
Хотгойдын Чингүнжав, халх түмнийхээ хүчийг нэгтгэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөх их үйлсийг төлөөлсөн баатарлаг эрсийн нэг. Хотгойдын ноёноос Манжийн хааны зарлигаар Улиастайн жанжны албыг хашиж явсан Чингүнжав тухайн цаг үеийн эх орныхоо тусгаар тогтнол, элгэн саднаа гэх эрмэлзлэл бүхий Рэнчиндорж, Өөлд ноён Амарсанаа, Өвөрхошууны төлөөлөгч болон хожим урвагч болж Монгол түмнийхээ өөдөөс зэвсэг барин дайтсан Цэнгүнжав нартай эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа өгөхөө тангараглана.

Монголчуудыг Монголоор нь дарж байх гэсэн Манжийн төрийн бодлого, ард иргэдийг алба гувчуураар дарамталсан төрийн дарамт, ард нийтийг юуг ч үл хийж чадахгүй сул дорой болгох гэсэн Манж ноёдын хандлага, эх орны өнцөг булан бүрт Монголчуудыг тагнан мөшгиж байдаг Манжийн хаадын төлөөлөгчид зэрэг нь ядуу буурай Монголчуудыг улам сөгдүүлэн, Чингүнжав, түүний шадар туслагчид төдийгүй ард нийтийн хилэнг бадруулж байжээ. Энэхүү хилэн зүрхэндээ багтахын аргагүй болж Манжуудын өмнөөс Баруун Монгол, Халх Монголчууд дор бүрнээ хүч нэгтгэн дайтаж байгаа түүхийн нэн эгзэгтэй, сэтгэл хөдөлгөм, зарим нэг увайгүй нэр төр, хөрөнгө мөнгө эрхэмлэсэн Монгол ноёдын арай ч дээ гэмээр хөнгөн хийсгэвэр зан түүнээс үүдэн бий болж буй харамсалтай ялагдал энэ бүхнийг зохиолч Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” хэмээх Төрийн шагналт романаас унших боломжтой.

Түүхэн үйл явцуудыг уран сайхны аргаар илэрхийлэхдээ дүрүүд болон байгалийн гоо сайхныг нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар дүрсэлж, түүхийн ороо бусгаа үеийн ард иргэдийн амьдрал, дайны балгаар үүсж буй ядуурал, нутгийнхаа дэвжээн дээр харь орны эрхшээлд орсон эмгэнэлт хувь заяа, хардалт сэрдэлт бүхий Манжийн ноёдын урагшгүй алба зэргийн тодотгол нь романыг улам ихээр сонирхолтой болгож, уран зохиолын өндөр хэмжээний бүтээл болохыг харуулж байна. Монголын түүх, орчин үеийн Монголын ноён оргил бүтээлийг уншихыг хүсэгчид болон эх орныхоо хувь заяанд анхаарлаа хандуулж, хөгжил цэцэглэлтэнд оролцохыг хүсэгч хэн бүхэнд энэхүү романыг уншихыг зөвлөж байна.

Comments