ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Б.БАТРЭГЗЭДМААТАЙ ТАНИЛЦСАН БУЮУ “ОЧИР ЭРХШЭЭГЧ”-ИЙН ТУХАЙ СЭТГЭГДЭЛ



Намайг сурагч байхад Батрэгзэдмаагийн зохиол “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” гээд жүжгийн  сурталчилгаа явдаг байж билээ. Утга уран зохиолд дуртай байсныхаа хувьд бүх зохиолчдын бүтээлийг уншаагүй ч зохиолчдын нэрийг бол андахгүй. Яг л тэр цагаас хойш Б.Батрэгзэдмаа гэх найрагч бүсгүйг таньдаг ч юм шиг, таньдаггүй ч юм шиг хэрнээ их л хүндлэх болж билээ. Сүүлд их сургууль төгссөний дараа олон хэлээр гарсан “АУСЭДОРА” номынх нь нээлтэнд хүртэл очоод амжсан.
Харин энэ удаад 2015 онд бичсэн “Очир Эрхшээгч” романаар нь зохиолчийн дотоод ертөнц лүү илүү нэвтэрч, уран гоё бичлэг, сэтгэлгээний гайхамшигийг нь мэдэрлээ. Америкийн кино ч юм уу, адал явдалт, уран сэтгэмжит бүтээлийг уншиж байгаа юм шиг л сэтгэгдэл төрснөө энд дурдая.

Зохиолын гол утга санаа нь хойд насны амьдрал энэ насны амьдралын үйлийн үр байх ба энэ хорвоо дэлхийд утга учир, зохилдолгоогүй юм байхгүй гэдгийг харуулахад оршиж байгаа болов уу. Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир Эрхшээгч” сэтгэлгээний романаа хүн төрөлхтний хийгээд Монгол улсын түүхийн онц сонирхолтой үетэй холбон бичсэн нь зохиолыг илүү сонирхолтой болгож, хойд төрөлдөө энэ төрөлдөө хийсэн муу зүйлийнхээ ялыг үүрэхгүйсэн, хүнд муу санахгүй, муу юм хийхгүй явахсан гэх санаа зурсхийн төрж билээ. Адал явдал, хүүрнэл зохиол сонирхогч хэн бүхэнд энэ романыг уншихыг зөвлөж байна.
Монголын шинэ үеийн уран зохиолын түүчээ бүсгүйчүүдийн нэг Рэгзэд авхайн оюун санааны бүтээл олон Монголчуудын оюун санааг тэжээх болтугай хэмээн ерөөл өргөе.

Comments