Ачаагаа чирээд гарлаа. Өдөр болгон үдэлт хийж гэртээ
харьж байгаа хүмүүсийг гаргаж өгсөн чинь намайг гаргаж өгөх хүнгүй болчихсон
байж билээ. Хэлний бэлтгэлийн нөгөө ангийн охин намайг Бээжин лүү гаргаж өглөө.
Воган вокзал дээр автобусаар яваад л оччихлоо. Бээжингээс шууд Монгол явах тул
өмсөх хувцас, унших ном за тэгээд гэрийнхэндээ авсан жаал жуул юм маань нийлээд
чамедон дүүрч, хүнд гэгч үүргэвчтэй автобуснаас бууж вокзал орлоо. За энэ бүхэн
ч яахав байдаг л зүйл, хамгийн чухал нь би маргааш танихгүй газар очиж,
танихгүй хүмүүстэй хамт амьдарч, ажиллах гэж байгаа.
Явах эсэхээ шийдэхээс өмнө найз маань баахан зүйл ярилаа.
Хятадад тэдэн жилийн өмнө тэгсэн гэсэн, ингэсэн гэсэн, хар тамхи их хэрэглэдэг
гэсэн болгоомжтой байгаарай...би ч айхын хэрээр явах эсэхтээ улам бүр
эргэлзэнэ. Гэсэн ч энэ удаад зориглоод аяны жолоо өргөсөн нь энэ байлаа. Бээжин
явж байгаа галт тэргэнд надаас их болоод хүнд ачаатай хүн барагтай л харагдсангүй.
Намайг Бээжинд ажиллах талаар санал болгосон найз маань хамт ажиллаж байсан
Монгол охинтой ирж тосж авснаар Бээжин дэх миний амьдрал эхлэлээ. Энэ өдөр бид
гурав дэлгүүр хэсж, хоол идэж, орой хамтдаа суулаа. Тэр хоёр байгаа болоод ч
тэр үү сэтгэл минь дэндүү тайван, аялалаар ирсэн юм шиг л санагдана. Тэр хоёр
надад өнөөдөр юу ч бодохгүй сайхан аялаад ав. Маргаашнаас ажил эхлэнэ гэж ирээд
л яг л миний дотны хүмүүс шиг зөвлөнө.
Түрээсийн байр: Бээжинд
буугаад тэр хоёрын хамтаар ажлын газрынхан хамтдаа түрээслэдэг байранд очлоо.
Байр ч гэждээ маш жижигхэн хоёр өрөө, эрчүүд нь нэг өрөөнд, эмэгтэйчүүд нь нэг
өрөөнд, угаалгын өрөө, 00-ийн өрөө. Ороод л дэндүү бачуу санагдаж, энд амьдарна
гэхээс айх мэдрэмж төрөв. Гэхдээ сарын 5000 юаны түрээстэй гэж бодохоор арай ч
дээ гэж бодмоор. Хямдхан түрээстэй боломжийнх нь гэж байгаа. Өдрөөс өдөрт
ажлынхантайгаа болон ажлын үүрэгтэйгээ танилцаж овоо болж ирэв. Анхны сэтгэгдэл
энд ажиллаж буй хүмүүс бүгд Бээжингийн хүмүүс биш бөгөөд өөр өөр газраас ирж
ажил хийж байгаа бөгөөд миний анхны сэтгэгдлээр бодсон шиг тэд амьдарч байгаа
байр шигээ ядуу, өрөвдөлтэй хүмүүс биш байлаа. Маш халуун дотно хийгээд надад
ямар ч айх айдасгүй энд ажиллаж болно гэсэн сэтгэгдлийг өдрөөс өдөрт төрүүлж
байлаа. Хараад байхад тэдний амьдрал муугүй бололтой.
Хийж үзээгүй
ажил: Ирсэн орой бид нэлээд оройтож орсон болохоор ажлынхан
бүгд унтчихсан байв. Маргааш өглөө нь босж үсээ угаагаад эгч нартаа мэндлээд,
тэд эхлээд ажил руугаа гарав. Би энд хамгийн удаан жил ажилласан Өвөрмонгол
охинтой хамтдаа ажил дээр очив. Очоод шууд л ажилдаа оров. Бодоод байсан чинь би урьд хоолны газар зөөгч
энэ тэр хийж байгаагүй юм байна. Оюутан байхдаа зуны амралтаар хийх гэж
оролддог байсан ажлууд маань ч судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлууд
байв. Харин энэ удаад хятад хүмүүстэй хамтдаа хоолны газар ажиллах, зөөгч хийх
болов. Арчиж цэвэрлэж, ширээ цэвэрлэх бол миний гарын доорх ажил харин зогсож,
хоолны газрын үүдэнд зогсож, хоолнуудаа танилцуулах бол туйлын хэцүү ажил
санагдаж байлаа. Өдрийн 5-6 цаг зогсоно гэдэг аймшигтай, эхний өдрүүдэд сураагүй
болохоор ёстой ял мэт байлаа.
Гэртээ харьсан
мэт мэдрэмж: Байгууллагын дарга эмэгтэй хурал хийх болгондоо манай
хоолны газраар орж ирээд гарсан үйлчлүүлэгч гэртээ харьсан мэт мэдрэмжийг аваад
гарах ёстой, зочдыг хүндлэх ёстой гэж алхам бүртээ хэлнэ. Бидний хоолны цагаар
орж ирсэн зочдыг орж ирэхэд нь суугаад хоол идэж байсан гээд бид хэд толгойгоо
эргэтэл загнуулав. Орой бүр морин хуурын тоглолттой, хүмүүс бас их дуртай.
Ялангуяа нутгаасаа гараад холдсон Монголчуудын хувьд жинхэнэ гэрт нь очсон мэдрэмж
төрүүлдэг байх. Нэг Өвөрмонгол залуу морин хуурын аялгуу сонсж байхдаа нүдээ
аниж ирээд л сонсож байж билээ.
Бидний
Монголчуудын араншин: Энд олон биш ч цөөнгүй хүн орж ирнэ, ер нь ачаалалтай үе
их байна. За тэгээд ажиглаад байхад Өвөрмонголчууд, Монголчууд орж ирчихээд
хааяа сонин сонин зан гаргана. Нэг амралтын өдөр гурван Өвөрмонгол залуу орж
ирээд хоол идлээ, уулаа, хэтрүүлж уусан бололтой нэг нь бүр бөөлжлөө. Бас нэг
өдөр Өвөрмонгол залуучууд орж ирээд тооцоо хийх болсон бөөн хэрүүл болдог юм
байна. Манай Монголчууд бол хэл мэдэхгүй хэд нь явж явж орж ирэхдээ нэлээд
ууртай Монголоороо ярь гээд л загнасан маягтай орж ирнэ шүү дээ. Илүү өөриймсөж
тэгдэг юм уу эсвэл Монголчууд бидэнд ер нь жаахан сагсуудуу зан байна уу гэж
надад тэрхэн хугацаанд ажиглагдаж билээ.
Ядрахаа үл мэдэх
Хятад хүмүүс: Хятад хүмүүс ч мундаг ажилсаг, ажлын цагаар яс ажлаа
хийж, гялалзуулах юм. Надтай хамт ажиллаж байсан Өвөрмонгол оюутан ч бас мундаг
чармайлттай ажиллаж байхыг хараад эд өөрсдийнхөө толгой дээр ирсэн зүйлийг ингэж
чармайж хийдэг учраас л Хятад улс ингэж хөгждөг юм байна даа гэх бодол минь
улам баталгаажсан юм.
Хэлний бэрхшээл
хийгээд үйлчлэгч: Энд ажиллах гол зорилго бол зуны амралтаар хэлний
чадвараа дээшлүүлэх явдал. Яг үнэндээ бол миний хятад хэл их муу байсан юм шиг
байгаан. Харин хэд хоносны дараа чиний хэл сайжирсан шүү гэж манай ажлынхан
хэлсэн. Тун ч олон аялгатай хятад хэлийг нийтлэг аялгаар ярихгүй бол би
төдийлөн ойлгохгүй. Үйлчлүүлэгчид энэ хоолыг яаж хийдгийн, юутай вэ? гэж
ихэвчлэн асуух бол ажлын туршид аяга, таваг угаах, үйлчлүүлэгчид аяга, таваг
аваачиж өгөх ажлууд надад ноогдоно. Овоо учрыг нь ойлгоод заримдаа буруу
сонсож, хамт ажиллагсдынхаа уурыг хүргэнэ. Гаднах асарт хүмүүст хоолоо
танилцуулж байхад араас үйлчлэгчээ гээд дуудахаар би барагтай л бол эргэж
харахгүй. Яагаад гэвэл чихэнд минь үйлчлэгч гэдэг дасаагүй хийгээд өөрөө байнга
л үйлчлүүлэгч байсан болохоор тэр гэх үү дээ. Ер нь хүн өөрөө хийж байж л
аливаа ажлын хүнд хэцүүг мэдэрдэг жамаар энэ удаад ч би багагүй зүйл суралцлаа.
Ялангуяа сайхан ааштай үйлчлүүлэгчид хичнээн их баярлаж, муухай ааштай
үйлчлүүлэгчид уур ч хүрэх шиг, гомдох шиг бодол төрдөг байв. Мөн харуул
хамгаалалтын ажил хийдэг байнга зогсдог хүмүүс, үйлчлэгч зэрэг хүмүүсийн зовлонг
яс махандаа тултал ойлгов.
Үйлчлүүлэгчдийн
ая тухыг хангасан Бээжингийн метро: Бээжин хотын гэлтгүй томоохон
хотуудын хамгийн хурдан авто тээврийн хэрэгсэл бол метро юм. Нэг учрыг нь олчих
юм бол замын түгжрэл гэдгийг мэдэлгүй ажлаа амжуулах нөхцөл бүхий тээврийн
хэрэгсэл. Бээжин хотын метро маш сайн хөгжсөн гэж хэлж болно. Метроны
буудлуудаар нарийвчилсан газрын зургийг бариад гарахад заавал хятад хэлтэй
гэлгүйгээр англи хэлтэй бол та очих гэж байгаа газраа төвөггүйхэн яваад очих
боломжтой. Хамгийн гол нь нэг газраас нөгөөд хүрэхийн тулд хэдэн тоот метроноос
бууж, хэдэн тоот метронд шилжин суух ёстой гэдгийг билетийн касс болон
тэндэхийн иргэдээс маш сайн асуух хэрэгтэй.
Бээжингийн метроны газрын зураг
Бээжингийн метроны газрын зураг
Хар цагаан
алагласан “ЦАГААН ХЭРЭМ”: Бээжин хотод байх хугацаандаа хийх ёстой зүйлсийн нэг
бол Бээжин хотын алдарт газруудаар аялах. Ажлын зав чөлөөгөөр алдарт “Цагаан
хэрэм”-ийг зорилоо. Хар алаг плаж өмсөөд явсан маань өнөөх цагаан хэрэмний
өнгөтэй зохицож байгааг хэлэх үү? Гэхдээ “Цагаан хэрэм” лүү аялах гэж буй
хүмүүст хэлэхэд цаг агаараа сайн харж байгаад сэрүүхэн өдөр гарах, мөн биеийн
тамирын хувцастай явахыг сануулъя. Хөл нь өвддөг хүмүүс, ахмад настнууд
авирахад төдийлөн тохиромжтой биш санагдсан. “Цагаан хэрэм” лүү авирах явцдаа
хоёр Солонгос залуутай тааралдаж, Хятад, Монгол, Солонгос гэсэн манай багынхан
амжилттай авираад бууж ирэв. Би бууж явахдаа “Цагаан хэрэм”-ийг Хятадууд
Монголчуудаас айгаад барьсан гэж үздэг гээд ярьсан чинь Солонгос залуу тийн
шдээ, энэ бол дэлхийн түүх гээд л ярьж билээ. Бидний Монголчуудын эртний өвөг
дээдэс ийнхүү дэлхийн түүхийг бүтээж явсныг санахад үнэхээр гайхалтай. “Цагаан
хэрэм” бол Хятадын бахархал, дэлхийн бахархал хэмээн микрофоноор ярих ба дэлхий
ертөнцийн гайхамшиг болсон тэрхүү “Цагаан хэрэм” нь хүний цуцашгүй их хөдөлмөрөөр
бүтэж, байгалийн үзэмжит төрхийг өндөрлөг дээрээс харах боломжийг олгосноороо
дэлхийн анхаарлыг татдаг ч байж магад.
Солонгос, Хятад найзуудын хамт
Цагаан хэрэмнээс гадна 2008 оны Бээжингийн олимпийн
Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн, Тиан ан Мин-ы (天安门)талбай
зэрэг нүд баясгаж, сэтгэл сэргээх олон газрууд байх ба орох үнэ, очих унааны
мөнгө гээд тооцоод үзэхэд 1000 юаньд хөнгөхөн хэрнээ хэзээ ч мартагдашгүй
сайхан аялалыг зохион байгуулж чадна.
Эцэст нь хэрэв та
Бээжин хотод очоод Монгол хоол идмээр байвал 朝阳区朝外神路街39号步行街1-56\ утас:010-8562-9605\ гэсэн хаягаар явж очихыг зөвлөе.
Comments
Post a Comment