ЦАГ ТӨР СЭРГЭСЭН ЦАГААГЧИН ГАХАЙ ЖИЛ

Энэхүү Орос Монгол хоёр талаас оролцсон маш нууц бичиг цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн гахай сарын шарагчин үхэр өдрийн шөнө дунд болж, шинэ цагийн эхлэл түүхэн шийдвэрээ гаргасныг тэр үед арваадхан хүнээс өөр хэн ч мэдээгүй билээ. Хожим хойно нь түүхийн хуудсанд ч үлдсэнгүй.[1]
“Дэлгэрхангай уултайгаа цуг явахад дэлт азарганы дайтай хийморь орно. Бөх хүн бөгтгийвөл ер хэний толгой дээр гэдгэр явах юм бэ? Арслан гэдэг чинь юм бүхэнд мэргэн цэцэн үгтэй, юу ч хийж чаддаг гэдгээ ойлгуулах ёстой. Надтай уулзахаар ирдэг халхын хамаг мэргэн ухаантнуудаас сур. Бяр дээр ухаан нэмбэл чамайг торгоох хүнгүй. Бөх хүнд тэнгэр ойрхон байдаг юм. Тэнгэрээс хурууныхаа үзүүрээр адис авч, нарнаас сэтгэлийнхээ галыг асааж бай” гэсэн Чагдаржав ноёны үг санаанд орж ирээд, тэр хормын зуур тэс өөр хүн болоод явчихав.[2]
Цагийн урсгал биднийг энэхүү амьдралд хөтөлж, цагийн урсгал бүр өөрийн өнгөтэй, өөрийн түүхийг бүтээсээр. Үе үеийнхэний амьдрал хойч үеийнхэндээ түүх болон үлдсээр. Энэхүү түүх хэрхэн бичигдэх вэ? гэдэг тухайн цаг үеийн аж амьдрал, нийгмийн байдалтай шууд холбоотой юм. Бидний үеийн түүх ардчиллаас хойшхи он жилүүдэд Монголчуудын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн, дэлхий ертөнцийн хөгжлийн хаахна яваа, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлж байгаатай холбоотой гарч буй өөрчлөлтүүд гээд дурдагдах байх. 1990 оноос өмнөх Монголын түүхийн хэсэг Орос улс, Монгол улсын хамтын нөхөрлөлийн он жилүүдийн бүтээн байгуулалт, хүмүүсийн амьдралын хэв маяг, улс төрийн хувьд анхны үндсэн хуулийг баталсан он жилүүд, дэлхийн хоёрдугаар дайны үйл явц гээд дурдагддаг. Түүнээс өмнөх үеийн Монголын түүхийн онцлох үйл явдал нь Богд хаант Монгол улс буюу 200 гаруй жилийн Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, автономит эрхтэй болсон явдал. Яг үүнтэй холбоотой түүхэн бүтээлүүд цөөнгүй байдгийн дотор зохиолч До.Цэнджавын “Цагаагчин гахай жил” хэмээх түүхэн – аж байдлын романыг энэ удаад онцлон дурдаж байна.

2011 онд бичигдсэн “Цагаагчин гахай жил” роман 200 гаруй жил Манж гүрний эрх мэдэлд байсан Монгол улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө хэрхэн тэмцэж явсаар эрх чөлөөгөө сэргээгээд зогсохгүй автономит эрхтэй болж байгаа тухай өгүүлжээ. Цагийн тохироо бүрдсэн ч гэх үү яг энэ үед Манжийн төр доройтон, захиргаанд нь байсан Хятад, Монгол улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байв. Монгол улсаа гэсэн чин сэтгэлтэй Чагдаржав, да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж зэрэг шашин улстөрийн зүтгэлтнүүд байхад өнгө мөнгөнд татагдаж, өөрийнхөө сайн сайхны төлөө Манж амбанд алба гувчуур барьж, хов жив хөөцөлдөгч ноёд эх орныхоо эрхийг сэргээх битгий хэл Манж улсыг түшсээр байх харалган бодол агуулсан хоёр туйлт үзэл бодлын тулалдаан энэхүү романд өрнөж, эцэст нь Монгол улс “олноо өргөгдсний” хэмээх он тоололтой болж, бүхэл бүтэн хоёр зуун илүү харь гүрний эрхшээлд, дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан он жилүүд түүх болон үлдэх болсноор роман өндөрлөнө. Романаас харагдсан бас нэгэн том ойлголт бол хоёр зуун илүү харь улсын эрх мэдэлд байсан улс орон шинээр улс орноо төвхнүүлнэ гэдэг нэлээдгүй хүнд бөгөөд ухаантай хөдлөхгүй бол улс орон оршин тогтнох уу? үгүй юу?  гэх асуултанд хүрэх магадлалтай аж.
Түүхэн үнэнийг урансайхны аргаар, гувиулалгүй, тухайн цаг үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, хүрээ хүүхний гоо сайхан, бөхчүүдийн ноён нуруу, ард иргэдийн шашинд хандаж байсан итгэл үнэмшил зэргээр илэрхийлэн гаргасан нь зохиолчийн бичлэгийн өндөр ур чадвар юм. Харин энэхүү бүтээлд хэрүүлийн буюу этгээд үг хэллэг цөөнгүй дурдагдсан нь бүтээлийн урансайхныг зарим үед алдагдуулж байсан мэт санагдаж байснаа уншигчийн хувиас анзаарснаа дурдая.
Ийнхүү бидний оюун санааг ундаалж байдаг, бичлэгийн уран чадварт эрхмүүдийн нэг До хэмээн ард олноо танигдсан Цэнджавын “Цагаагчин гахай жил” роман Монголын уранзохиолд багагүй орон зайг эзлэн гарч ирсэн гэдэгт бүтээлийн хамгийн сүүлийн хуудсыг эргүүлэх явцад төрж байснаа мөн өгүүлье.




[1] Цэнджав.До, Цагаагчин гахай жил. УБ.,2011 544 тал

[2] Цэнджав.До, Цагаагчин гахай жил. УБ.,2011 582 тал

Comments