БИ ХЭЛТЭЙ ХҮН

Улс орнуудыг хооронд нь, өөр өөр орны хүмүүсийг тусгаарладаг зүйл бол гагцхүү хэл. Дэлхийн аль ч өнцөг буланд очсон хүмүүс бид нэг л зүйлээр онцгойрон ялгардаг. Энэ бол хэл. Хэрэв тухайн хүний ярьдаг хэлийг нь та ч мэдэж байвал та хоёрын хооронд харилцан яриа үүснэ. Харилцан яриа бол хамгийн амьдлаг харилцаа. Энэхүү амьдлаг харилцааг бий болгосноор хүмүүс хоорондын харилцаа илүү дотно болж, бие биенээ ойлголцоно.

Дэлхий ертөнц нэг хэлтэй болоход ойртсоор. Бүгд л англи хэл сурахыг хүсч, англи хэлийг мөрөөдлөө болгож байна. Хэрвээ англиар ярьдаггүй оронд очих юм бол та үүнийг маш сайн ойлгоно. Жишээ нь: Хятадад сурч байгаа би хятад хэл сурах гэж тэмүүлж байхад Хятад хүмүүс англи хэл сурах гэж тэмүүлнэ. Тэд Англи, Америкийг мөрөөднө. Манайхан ч гэсэн Англи, Америкийг мөрөөдөж, англи хэл сурах гэж зүтгэнэ. Тэгэхээр дэлхийн мөрөөдөл нэг болчихож. Харин дэлхийн мөрөөдлийг тээж явахдаа би өөрийн гэсэн хэлтэй хүн шүү гэсэн бахархал төрж байсан уу? гэж уншигч танаас би асууя.
Бид англи хэлээр ярьж байгаа мундаг хэмээн ойлгож, тэднийг яриаг амтархан сонсохдоо ойлгох гэж туйлаас хичээнэ, ойлгохгүй бол өөрийгөө голно. За тэгээд өөрөө ч бас ярих гэж хичээнэ. Харин би Монгол хэлээрээ ярьж байхад бидний Монгол хэлийг мэдэхгүй хүн хажуугаас гайхаад юу гэж ярьж байгаа юм болдоо. Би Монгол хэл мэдэхгүй гээд зогсож байх тохиолдол бүрт би хэлтэй хүн шүү гэх бахархал орж ирдгийг энд дурдахыг хүслээ. Бид өөрсдийн хэлээрээ өөрсдийнхөө соёл, түүхийг бүтээж дэлхий ертөнцөөс ялгарч байна. Тиймээс дэлхий ертөнцөд бид чинь Монгол хүмүүс гэх баталгаа болсон эх сайхан монгол хэлээ сайн суралцаж, өргөжүүлэн хөгжүүлцгээе.  

Comments