1984 ОНД ЮУ БОЛСНЫГ ХЭН НАДАД ХЭЛЖ ӨГӨХ ВЭ?

Өнгөрсөн жил Монгол хэлнээ орчуулагдсан Японы зохиолч Мүраками Харүкигийн “1Q84” зохиол уншигчдын анхаарлыг татаад байгаа. Нобелийн утга зохиолын төрөлд нэр дэвшсэн гэдэг сургаар уншихсан гэх их хүсэл төрж билээ. Нөгөөтэйгүүр зохиолч Дж.Орвеллын “1984” он зохиолтой нэр нэг болоод ч тэр үү нэг л дотно санагдсан юм. Үнэндээ 1984 онд дэлхийн түүхэнд ямар үйл явдал болсон юм болоо гэх бодол зурсхийн орж ирсэн. Харин 1Q84-ийн нэгдүгээр дэвтрээс түүний хариултыг олж чадаагүй. Тэгэхээр зайлшгүй хоёрдугаар дэвтрийг нь уншиж байж сэтгэл амрах нь.
Энэхүү зохиолын эхлэлээс төгсгөл хүртэл 1984 онд юу болсныг мэдэх гэж, 10 наснаасаа хойш уулзаагүй Тэнго, Аомамэ хоёр хэзээ уулзах юм бол бодсоор л, уншсаар л нэг л мэдэхэд  би хариултаа авч чадалгүй зохиол дуусав. Дунд хэсэгтээ уншигдахгүй байсан зохиол төгсгөл хэсэгтээ жинхэнэ үйл явдалд хөтөлсөн нь яагаад олны анхаарлыг татаад байгаагийн хариулт гэлтэй. Онцлон дурдахад охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл энэ зохиолд ч мөн дурдагдлаа. “Луун шивээст охин” цуврал зохиол гээд ер нь олны анхаарлыг татаж буй зохиолуудын сэдэв, агуулга охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гэсэн сэдэв рүү чиглэгдсээр байгаа нь энэ гэмт хэргийн цар хүрээ дэлхий өнцөг булан бүрт асуудал дагуулж байгааг сануулах мэт.
Нөгөөтэйгүүр энэхүү зохиолын хүрээнд нэг санааг хэтэрхий олон давтсан нь
уншигчдыг залхаах хандлагатай санагдлаа. Эцэст нь гарчигт хариулт тавьсан энэхүү асуултынхаа хариултыг авч номын хоёрдугаар дэвтрийн тэмдэглэлээр та бүхэнтэйгээ эргэн сэтгэгдлээ хуваалцах болно гэдгээ амлая...1984 онд чухам юу болсон юм болоо?

Comments