Зарлалын самбараас заналтай гэгч нь хуулаад...

       Бичнээ бас бөөн уянгын халил оруулаад. Өгүүлбэр нь мангар урт, үргэлжлээд л өөрөө уншаад бөөн урам. Ганц ч ном харахгүй, ганц ч ишлэл оруулахгүй тэгээд бөөн шаардлага тавьсан эссэний уралдаанд материалаа явуулчихна шүү дээ. Өөрөө шивэхгүй, эгчид гар бичмэлээ өгөөд явуулчихна. Ёооё гар бичмэл бас арай л том сонсогдож байна уу? Цагийг нь тулгаж биччихээд эгчийг хугацаанаас нь өмнө шивж явуулахгүй бол уурлана. Бас тэрүүхэн тэр дээ атаман гэж байгаа.
         За одоо уралдааны дүнг хүлээх үлдлээ. Л.Түдэвийн эссэний номыг хэд эргүүлж, 11-р ангийн монгол хэлний номны эссэ болон нийгмийн хичээлтэй холбогдон бичигдсэн эссэнээс өөр олон төрлийн эссэ уншиж байгаагүй надад юун эссэний тэмцээнд байр эзлэх. Дэндүү хол л баймаар гэтэл би шантрахгүй бичээд л байна. Бүр эссэний уралдааны зарыг сургуулийн зарын самбар дээрээс хуулж авч байгаад л, овоо интернет хэрэглэж чаддаг болоод нэтээс хайж байгаад л эссэний уралдаанд оролцоно шүү дээ. За тэгээд эссэ мундаг бичдэг хүмүүстэй өөрийгөө баахан харьцуулаад яагаад минийх байр эзлэдэггүй байнаа гээд хөөрхөн гутарна. Ийм л нэгэн оюутан байлаа. За эссэний тэмцээн гэлтгүй илтгэлийн тэмцээнд иймэрхүү маягаар бичсэн бичлэгээ явуулдаг л байлаа. Шүүгчдийн инээд нь хүрээд унших ч үгүй үлдээдэг байсан байхдаа гэж. Харин ахлах курст орсон он жилүүдэд миний бичсэн эссэ, илтгэл арай л амьдлаг. Ядаж л ишлэлтэй, зүүлттэй бас хэдэн номын хуудас эргүүлсэн нь мэдэгддэг болсон доо. Ай даа, амьдрал чи надад энэ мэтийн жишээнээс авахуулаад олон зүйлд сургаж байна даа.

Comments