Ж.Пүрэв
/Монгол Улсын Төрийн шагналт/ гайхалтай зохиолчийн бичгийн хийгээд түүхийн
өргөн мэдлэгийг бишрэхийн ялдамд ирээдүй хойч бидэндээ ийм сайхан оюуны үнэт
бүтээлийг үлдээж өгсөнд талархахгүй байхын арга байхгүй юм. Тэрээр 30 гаруй
роман бичсэн бөгөөд нэг роман нь л 1000 гаруй хуудастай байна гэхээр дэндүү
аугаа хүн байж. Ж.Пүрэв энэхүү романдаа тайлбар, зүйрлэл, ишлэл зэрэг уран
зохиолын бүхий л шаардлагуудыг оруулсан нь зохиол улам л амьдлаг болгожээ.
Романы
тухай өгүүлвээс: Монгол улс Манж Чин улсад эзлэгдсэн харамсалтай хувь
тавилан, Ойрадын Галдан бошигт хааны эх орноо харийн дайсанд эзлүүлэхгүй гэж
эхнээсээ эцэс хүртэлх тэмцэл энэ бүхэн МАНАН БУДАН түүхэн романы турш та
бүхнийг хөтөлнө. Тухайн үеийн холбоо сүлжээ барьдаг арга өнөөдрөөс тэс ондоо
байсныг тодотгоод тэр тусмаа нүүдэлчин ард түмний онцлог нь байнгад газар нутаг
сэлгэн явж байсантай холбогдон элч, зараалуудын үүрэг оролцоо ямар их байсныг
энд өгүүлэх юун.
Байгаль
дэлхийд манан будан татсан зун, намрын улирлын өглөө ямар сайхан байдаг билээ.
Чийгний үнэр ханхлаад л, тэртээд дуниартдаг өндөр уулс харагдахгүй ч сэтгэл
цаанаа л дулаахан байдагсан. Харин улс төрийн манан будан гэдэг тэр дундаа хэн
хэнийхээ дээр гарах гэж эрх мэдлээ хуваалцан дайсагналцах ноёд, харь улсын
хилээр аргагүйн эрхэнд эх орноо орхин гарч буй гашуун зовлон, амнаас ам дамжсан
сул үгэнд итгэж эвдрэлцэх ноёдын тэмцэл тэр дундаа эх орныхоо тусгаар тогтнолыг
харь улсын эрх мэдэлд алдах, нэр төр, хувийн эрх ашгаа бодож аминч үзлээр урваж
шарваж байгаа ноёдын увайгүй байдал зэргийн манан будан юутай өрөвдөлтэй, юутай
харамсалтай вэ? Ноёдын эрх мэдлийн төлөөх тэмцэл ард түмний нуруунд ачаа болж,
арилдаггүйг энэхүү романаас олж унших төдийгүй эх түүхийнхээ нэгэн ээдрээтэй
хувь заяаг урансайхны аргаар хүлээн авах боломжтой юм.
17-р
зууны түүхэн хүмүүс Өндөр гэгээн Занабазар, түүний ах Чахундорж Халхыг удирдаж
байсан энэ үед Өвөр халхчууд аль хэдийн Манж Чин Улсад дагаар орсон байлаа. Харин
Ойрадын хунтайж Эрдэнэбаатарын хүү Галдан Төвдөд шашны номд суралцаж Далай
номын итгэлийг хүлээсэн томоохон лам болсон юм. Түүний эцэг нас барж Галдан
нутагтаа эргэж ирэн Ойрадыг удирдах бөгөөд энэ үеэс Манжийн хаан Галдан болон
Халхын хаадыг элдвээр хатган шавдуулж хооронд нь яс хаяж байлаа. Энэ бол Халх
Монгол Манжид дагаар орохын эхлэл бөгөөд цаашлаад дан ганцаар эзлэгдээгүй
үлдсэн Ойрад эзлэгдэх нөхцлийг бүрдүүлж байгаа. Уншихад туйлаас харамсалтай
хувь заяа бөгөөд ноёд минь бие биеийнхээ өөдөөс хараад сайхан ярилцаж яагаад
болдоггүй байсан юм болоо гэх сэтгэгдэл яах аргагүй төрж байлаа. Зүүн гарын Галдан бошигт хааны их хатан Анугийн холч ухаан, Чахундоржийн
охин Золзаяагийн ул суурьтай ухаалаг байдал зэргээр Монгол хатад улс орны үйл
хэргийг удирдахад оролцдог байсан байр суурийг мөн тодорхой харуулж. Энэ мэтчилэн
дурдваас дэндүү баялаг болохоор илүү нуршилгүй уншигч таньд энэхүү романыг
уншихыг зөвлөөд бичлэгээ өндөрлөе.
Баярлалаа
ReplyDeleteхэдэн анх хэвлэгдэж байсан бэ
ReplyDelete