ХЭТЭРСЭН ХЭМНЭЛТ

Бичиг баримт канондоход нэг хувь нь 100 төгрөг. Нэгэн эмнэлгийн канон ажиллуулдаг эгч нэг иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр хоёрыг хамтад нь А4 бичгийн цаасны тал дээр канондана. Хоёр хүний бичиг баримт нэг бичгийн цаасан дээр канондагдана гэсэн үг. Цаасанд хэмнэлттэй тун дажгүй арга.
Эмчийн даалгаснаар өвчтний карт канондуулахаар тэр каноны газар очлоо. Цэнхэр үзгээр бичсэн бичиг гарсангүй. Тэр эгч ийм өнгийнх болохоор гарахгүй байх шиг байна гэж хэлэв. Сонин юмаа гардаг л юмдаа гэж би нэмэрлэв. Эгч мөн л нөгөө цаас хэмнэдэггээрээ хэмнэж бичгийн цаасны тал дээр нь картан дээрх бичгийг канондох гэж хоёр дахь удаагаа үзлээ. Маш бүдэг, угаас гардаггүй. Эгч гарсангүй, гэхдээ цаас үрчихлээ, хоёр зуун төгрөг өгчих гэв. Үнэндээ бол нэг бичгийн цаасны хоёр тал дээр канондах гэж үзсэн хэрэг. Мөнгөө өгчихөөд гарахгүй байвал яахав дээ гээд эмчийн өрөөнд эргэн очлоо. Эмч гайхан хараад бичиг хэрэгт очоод канондуулчих гэлээ. Бичиг хэргийн өргөөнд очоод канондуулахад гарахгүй битгий хэл маш тодоор гарлаа. Бичгийн цаасыг хэмнэдэг тэр эгч хэмнэснийхээ хэрээр үйлчлүүлэгчийн хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй, мөнгийг нь авч байгаа шигээ каноноо цэнэглэж чадсангүй.
 Хэтэрхий хэмнэлттэй тэр эгчийг хараад арай ч дээ гэх сэтгэгдэл төрж билээ. Хэмнэлт гэдэг сайн ч хэтэрхий их хэмнэлт бол харамч зан. Угтаа хүнд үйлчилж байгаа хүн тухайн үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд хүрсэн үйлчилгээг хүргэж байж өөрөө ч гэсэн тэндээс сэтгэл ханамж авмаар санагдах юм. Иргэдэд үйлчилж байгаа хүн бүхэн өөр өөрийн харилцааны, үйлчилгээний аргатай ч гэлээ заримдаа хэтэрхий их өөртөө ашгийг бодсон, жаахан ч гэсэн үрэгдэл гаргахгүйгээр бизнесээ хөгжүүлэх санаа нь дэндүү их шунал биш гэжүү. Маш жижигхэн ч гэмээр бас ажиглагдмааргүй ч юм шиг энэ жижигхэн асуудал тэрхэн үедээ утгагүй санагдан толгойд зурс хийн орж ирсэн минь энэ билээ.   

Comments