Сүүлийн гурав, дөрвөн жил их бага хэмжээгээр гадаад хэлээр амьсгалж,
хэрэндээ л сайн сурах гэж хичээж байна даа. Гадаад хэл сурах нь тухайн хэлээр
дамжуулан тухайн улсын соёлоос суралцах, тухайн хэлээр ярьдаг хүмүүстэй
харилцах гүүрийг нээж өгч байгаа юм. Энэ гүүрийг нээхэд тухайн хүнээс тэсвэр
тэвчээр, цаг хугацаа, зогсолтгүй байх гээд маш олон зүйл шаардана. Тэр бүхний
дараа нэг л өдөр тэр хэлээр төвөггүйхэн ойлголцдог болсон байна. Тэгээд
хэсэгтээ гайхаж, өөрөөрөө бахархана. Энэ маш гоё мэдрэмж, төсөөлөөд үздээ. Урьд
нь мөрөөдөж, хүсж тэгсэн хэрнээ нэг л ярьж чадахгүй, сонсоод ойлгохгүй байсан
зүйл чамд дотно санагдаж, чихэнд танил сонсогдоно. Энэ бол чиний хөдөлмөрийн үр
дүн.
Ер нь хэлийг тухайн орчинд нь сурвал, төрөлх хэлтнээр нь заалгавал маш
сайн суурь тавигдана. Өнөөдөр үзсэн шинэ үг оройны кинон дээр гарч байх
жишээтэй. Эндээс би гадаад хүмүүст өөрийнхөө хэлийг зааж байгаа хүмүүсийг их
өглөгч хүмүүс гэж хэлэхийг хүслээ. Тэд тухайн хэлээр хэлд орж байгаа хүүхэд шиг
юу ч мэдэхгүй гадаадууд цагаан толгойн үсгүүдээ зааж эхэлдэг. За тэгээд сурагч,
оюутнуудынх нь үгийн сан нэмэгдсэн ч маш энгийн ярианаас ярьж эхэлдэг. Өглөөний
мэнд, хэдэн цагт боссон гэх мэт асуултаас хэтрэхгүй. Энэ бүгдэд багш нар маш
хүлээцтэй, тухайн оюутан, сурагч юу хэлэх гээд байгааг төвөггүй мэддэг. Тэр болгоныг
харахдаа би багш нараараа бахархаж, өөрийгөө үргэлж багш нарынхаа байранд тавьж
үздэг.
Би бол эсрэгээрээ их хүлээц муутай хүн ялангуяа дөнгөж Монгол хэл сурж
байгаа хүмүүстэй тэгэж харьцаж чадахгүй байхдаа гэж боддог. Яагаад гэвэл би их
харамч хүн. Монгол хэл бол миний эх хэл тиймээс миний эх хэл биднийх л байх
ёстой гэж боддог. Ялангуяа би Өвөрмонголчуудтай Монголоор ярих их дургүй. Мэдээж
заримынх нь Монгол хэл маш сайн л даа тэдэндээ харилцахад амар ойлголцдог. Харин
Монгол хэл нь муу Өвөрмонголчуудтай Монголоор биш Хятадаар ойлголцохыг хүсдэг. Би
тэдэнд энэ үгийг Монголчууд ингэж хэрэглэдэг энэ тэр гэж хэлэх дургүй, би нэг
юмаа өгч байгаа юм шиг санагдаад эх хэлээ харамлаад ч байгаа юм шиг санагддаг. Бидний
эх хэлийг хятад, англи хэлтэй хольж хутган битгий алдагдуулайсай гэж боддогтоо
тэр байх. Хятаджсан Монгол хэлтэй Өвөрмонголчуудын хэллэгийг хүлээн зөвшөөрч
чаддаггүйдээ тэр байх. Эх хэл маань эрүүл байж, битгий алдагдаасай гэж
болгоомжилсондоо тэр байх. Би харамч хүн, магадгүй энэ нь хятад, англи хэлийг
сурах гэж тухайн агшныг ашиглах гэж хичээж, гадаад хүмүүстэй гадаадаар харьцах
ёстой гэсэн тогтсон хандлагатай маань холбоотой ч байж магад. Ямартай ч би
хэлний хувьд их харамч, зөвхөн авахыг л хүсдэг нэгэн.
Comments
Post a Comment