Ахуй алдагдсан хөгжил

Даяарчлагдсан нийгэм, техник технологийн хурд өдрөөс өдөрт нэмэгдэж, өнөөдөр хэрэглэгдэж байсан зүйл маргааш хэрэглээгээ хангахгүй болоход үгүйсгэх зүйлгүй болж. Техник технологийн хурдаар хот хөдөөгийн ялгаа багасч, Монгол орны хаана ч утасны сүлжээ орж, олон сувгийн телевиз үзэж байна. Хаана ч гэсэн машин хамгийн түгээмэл хэрэглээ болж, иргэдийн амьжиргаа харьцангуй сайжирсан дүр төрх ажиглагдана. Энэхүү хурдацтай хөгжлийг үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй, хөгжиж л байвал, хүмүүсийн амьжиргаа сайжирч л байвал болох нь тэр.Харин тэрхүү хөгжлийг дагаад гарч буй сөрөг талуудыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь.

Өнөөдөр манай хөдөөд морио унаад малдаа явдаг хүн маш их ховордсон байна. Бүгд л хужаа хэмээн нэрлэгддэг мотоцикл хөллөж, арай бэлтэй нь заримдаа машинаар хониндоо явдаг болчихож. Мотоцикл малчны өдөр тутмын унаа болж, хааяахан архи балгачихдаг нэгэнд нь ажлыг хөнгөвчлөх үүргээ гүйцэтгэж байгаа ч ам насыг нь авч явсан тохиолдол олширч. Цөөхөн хэдэн Монголчууд энэ мэт хөсөгнөөс болж амь эрдсээр байгаад туйлаас харамсмаар.
Монголчууд эртнээс үхэр тэргээ хөллөөд нүүж суудаг байсан тэр дүр төрх эдүгээ түүх болон үлдсэн мэт. Биднийг бага байхад үхэр тэргэндээ гэрээ ачаад нохойгоо дагуулаад нүүж байгаа айл хичнээн сүртэй харагддаг байв. Бас хадлан тэжээлээ үхэр тэргээрээ авч, түлшээ үхэр тэргээрээ авчирч буулгадаг байсан бол өнөөдөр бүгд портер машин хөлөглөдөг болж. Ямартай л үхэр сургах гээд дагуулж сургах сурамгай үхэр байхгүй болж. Уг нь сурамгай үхрийн араас хэдэн удаа уяхад хичнээн сайхан сурамгай тэргэнд ордог байлаа. Дээрээс нь модон тэрэг үгүй болж хаймран дугуйтай тэрэг уруу газар өөрөө гулсаад л ямар ч үхэр хөллөх боломжгүй мэт санагдана. Энэ намар хадлан тэжээлийн цагаар манай ах дүү хоёр хайнагаа хөллөөд халгаанд явлаа. Дагуулж сургах үхэргүйгээс болж эмнэг догшин гэж жигтэйхэн, тэр хэрээр хэрэглэж буй эд хэрэглэлдээ гамгүй аж. Тэргэндээ орохгүй туйлж байгаад буулгаа хугалж орхиж нэг л тэрэг, нэг л хайнаг хөллөдөг болоод удаж буй манайд илүү хэрэглэл үнэхээр байсангүй. Амны тохь тухтай айлаас буулга очиж асуутал –Уг нь байгаа гэхдээ өвөлжөөндөө орхиод ирсэн гэсэн хариулт өглөө. Энэ бүхэн хэдий манайд болсон явдал ч гэсэн Монгол ахуй гэдэг тэр зүйл маань өдрөөс өдөрт алдагдаж байгаад үнэхээр харамсаж билээ. Монгол ахуйгаа хадгалж байна гээд үхрээ хөллөөд, морио унаад явахаар нутаг усандаа арчаагүйгээрээ дуудуулах ч холгүй болсон байна шүү. Бид энэхүү өөрчлөлтийг л хөгжил гэж ярьж байна. Эцэст нь Монгол ахуй минь бүр мөсөн алдагдахгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм.

 Share 2 сэтгэгдэл:
Зуугийн сүм Ямар сайхан сэдэв,гоё бичлэг вэ,тиймээ яавал Монгол ахуйгаа авч үлдэх вэ??? Хариулт нь амархан шүү дээ...энэ бүхнийг мэдсээр байгаа хэрнээ,хэрэгжүүлж чадахгүй байгаад л хамаг учир байна..тэгвэл яаж хэрэгжүүлэх гэж...? энэчилэн өөрөө өөртэйгээ тэрсэлдээл яваад байх уу??? Хүн болгон л үүнийг бодоод яваа..яах вэ??? за юутай ч энэ блогоор дамжуулаад,юуны түрүүнд бодол саналаа солилцвол ямар вэ Монголчуудаа???!!!олоны олон,хэдэн цэн гэдэг билээ???. 1. 2014 оны 09-р сарын 08 устгах

Чулуундоржийн Нямсүрэн Блогоор маань аядаж үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа. 2. 2014 оны 09-р сарын 10 устгах

Comments