ДУУНД УЯРААСАН ОН ЖИЛҮҮДИЙН ДУРДАТГАЛ


Дуучин Сарантуяа энэ өдрүүдэд “Амьдрал намайг дуунд уяраажээ” зургийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Би бүр хэрэг болгон очиж үзэж, дуучныхаа уран бүтээлийн он цагаар аялалаа. Гайхалтай санагдсан. Товчхондоо Монголын рок, поп урсгалын түүхтэй танилцсан даа. Хайртай дуучныг маань амьдрал дуунд уяраасан бол хайртай дуучин маань намайг дуунд уяраасан. 


Намайг 4,5-р ангид байх үед Сараагийн “Салхины хээ” телевизээр мөн ч их гардаг байв. Сонин содон өгүүлэмжтэй клипнээс гадна уянгалаг аялгуутай, гайхамшигтай сонсголонтой дуу байв. Яагаад ч юм энэ үеэс би дуучин Сараад их дуртай болсон. Үндэсний телевизийн ХИТ нэвтрүүлгээр Сарааг гарангуут баярлаад л, дууг нь мэдэхгүй ч байж мундаг дуучин гэж боддог байв. “Салхины хээ”-гийн дараахан “Эрх саран” гарч ирсэн мөн л гайхалтай дуу байсан. Үгийг нь дэвтэртээ бичиж цээжлээд л мөн ч сэтгэл ханамжтай. Удалгүй “Би жаргалтай” гээд миний хайртай дуучны гайхалтай дуунууд төрж эхэлсэн дээ. Энэ бүхэнд би өөрөө дуулсан юм шиг, өөрөө бүтээсэн юм шиг баярладаг байв.
Ийнхүү дуучин Сарантуяагийн дуунууд миний амьдралд хөг нэмж, тэр хэрээр түүний уран бүтээлийг шимтэн сонсож өссөн дөө. Хүүхэд насыг минь хөглөж өгсөн гайхалтай дуунуудыг сонсохдоо хүүхэд насандаа эргээд л очдог. Миний утсан дээр, нөөтбүүкэн дээр Сараагийн дуунууд хамгийн их байдаг. Бүр интернэтээр Сараагийн ярилцлагыг үзэж, фейсбүүк хуудсаар нь долоо хоногт хэд хэдэн удаа орно шүү.

Comments