2011-7-31
Өглөө, оройн цагт сэрчигнэх салхины чимээ намар цаг ирснийг сануулна. Наадмын дараа намар хэмээн Монголчууд хэлдэгдээ. Яагаад ч юм сэтгэл минь буцаж байгаа цаг адил сэрчигнээд, зун цаг ийм хурдан явчихаж байгаа юм уу?, битгий л дээ гэж чангаас чанга хашгирмаар санагдлаа. Зун цагт Монголчууд маань амралт зугаалга, баяр наадам гээд хэсэгтээ л зав чөлөөтэй байдаг. Тийм болоод ч тэрүү их хотын гудамж талбай эзгүйрнэ. Сэтгэл цаанаа л нэг гунигтай, ганцаардмал.
Хөдөө
сайхан нутагтаа халуун нартайд хонь сааж, халбага зоогдом өтгөн тараг
амтлан өссөн би хүүхэд ахуй цагтаа намар болоход их дургүй байдаг
байлаа. Яагаад гэвэл амралт, зугаалгаар ирсэн хотынхон, урин цагийг
дагуулан ирсэн шувууд сүрэглэн буцаад, навчис гандаж эхэлдэг байсан
болохоор. Саяхан л урин бүхнийг дуудаад ирж байсан шувууд тэнгэрийн
мандалд сүрэглэн халуун орныг зорихыг харах сүртэй ч сэтгэлд намар
ирснийг сануулах нь гунигтай.
Намар
цагийн хамгийн сайхан нь зуны гурван сар ангийн нөхөд,
сургуулийнхантайгаа санасан сэтгэлээр уулзалдах. Тэдэнтэйгээ уулзахаар
явахдаа битүүхэндээ гэртээ хоргодож, гуниг хураан, нууцхан нулимсаа
хадгална. Зуны турш хүүхэд бидэнтэйгээ бужигнаж байгаад тэднийгээ үдэж
өгдөг ижий минь сэтгэл ямар байдаг бол. Мэдээж олуулаа байж байгаад
ганцаараа үлдэхэд ямар байдаг билээ хэцүү байдаг нь тодорхой. Нимгэн
дээвэртэй гэрийн бүрээс сэрчигнэн, хааяагаар сэрүү татан, хааяа л нэг
харагдах ойр орчмын айлуудын хүмүүс. Миний ээж намайг жил болгон дараа
жил ирээрэй гээд зүүн хацар дээр минь үнсэн, сүүгээ өргөөд үлддэг.
Ингэхдээ ээж минь дандаа л намайг орхиод явах юм даа гэж битүүхэндээ
гомддог ч хүүгээ гаргаж өглөө, хүүгийн минь ажил бүтэмжтэй байх болтугай
гэж бас ерөөдөг байх. Өмнө нь би ах, эгч нараа гаргаж өгөөд нууцхан
нулимстай үлддэг байсан бол ээж минь одоо намайг гаргаж өгөөд нулимсаа
нуун үлддэг болсон. Гэхдээ эргэх хорвоогийн жам болохоор дахиад өвөл,
хавар, зун болоод охин нь жигүүрлэн нисээд очно гэсэн гэгээн хүслээр
эрдмийн жолоо сунгах ажгуу.
Сэрүү татан бороо татрахад намар болсныг би мэдэрдэг
Сэтгэл эзгүйрэн гуниг хурахад намар эхэлдэг
Саруул тэнгэрт шувууд сүрэглэн алслахад намар үргэлжилдэг
Сайхан ижийдээ үнсүүлээд алсыг зориход намар болдог.
Ажил ундарч амралт дуусахад намар болдог
Адуу янцгааж айраг исэхэд намар үргэлжилдэг
Ааруул зузаарч нар шарахад намар уртасдаг
Айлын хүмүүс төврүү нүүхэд намар эхэлдэг
Автомашин хотруу хөвөх нь намар болсны шинж
Амраг хосууд хуримаа хийдэг нь намар цагийн өнгө
Хүүхэд бужигнаж сургууль цуглахад намар үргэлжилдэг
Хөдөө эзгүйрч хот дүүрэхэд намар болдог
Цасан бударч хүйт ороход намар дуусдаг
Цаанаа л нулимстай хорвоод намар болсноор өвөл болдог
Цээж минь эзгүйрч гуниг хурахад чамайг би үгүйлдэг.
Comments
Post a Comment