БАЙГАЛД ЭЭЛТЭЙ ХӨРШҮҮД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

2012 оны 05-р сарын 22 Нийтэлсэн Ч.Нямсүрэн

Гэгээлэгхэн гэнэхэн хүүхэд нас гэр хороололд өнгөрч
Гэр зуураа холхисон Монгол хүний амьдрал энд өрнөж
Гудамж талбай метрлэн гуйланчласан архичид тэнд амьдарч
Гаднах замаа сайжруулах гээд НӨХӨРЛӨЛ бүлгийнхэн энд ажиллаж
Галтай цогтой залуус бид “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХӨРШҮҮД” хөтөлбөрийг
Гагцхүү энд л хэрэгжүүлж байна.



Уух усаа авах гээд усны тэрэг түрээд гүйж буй гэр хорооллын хүүхдүүд яагаад ч юм дэндүү гэгээлэг, өхөөрдөм санагдах юм. Ганц хоёр, гурав дөрвөөрөө найзлаад гадаа саравчин доор тоглон суугаа энэ л хүүхдүүд бидний ирээдүй. Тиймээс ирээдүйгээ эрүүл энх өсгөх нь эцэг эх томчуудын хамгийн том үүрэг билээ. Харин өнөөдөр хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрлөсний хар гайгаар хүн бүхэн хүссэн газраа, хүссэн орчиндоо эрүүл, аюулгүй амьдрахад олон асуудал тулгарч байна. Агаарын бохирдол, орчны хог хаягдал, уух усны эрүүл ахуй гээд бидний амьдралын хамгийн энгийн хэрэгцээ бохирдон, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.
Энэ бүхнээс үндэслэн NEWCOM, Хасбанкны дэмжлэгтэйтэйгээр Зориг сангийн хэрэгжүүлж буй “Байгаль орчны манлайлагч-2” хөтөлбөрийн 1-р багийнхан СҮХБААТАР дүүргийн 16-р хорооны 1-р хэсэг дээр “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХӨРШҮҮД” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд иргэдээс орчны эрүүл ахуйн судалгаа авч, тухайн оршин сууж буй хашааны зургийг зуруулж эдгээр зураг, судалгааны үр дүнгээс иргэдэд орчны эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт, мэдээллийг хүргэж, хэсгийн газрын зургийг зуран санал зөвлөмж боловсруулах юм

Comments